З.Дашдавааг ЦЕГ-ын даргаар, Ж.Болдыг БНСУ-д суух консулаар, Р.Чингисийг АТГ-ын даргаар томилж магадгүй байна

З.Дашдавааг ЦЕГ-ын даргаар, Ж.Болдыг БНСУ-д суух консулаар, Р.Чингисийг АТГ-ын даргаар томилж магадгүй байна

Монгол Улсын Засгийн газраас хууль сахиулах зарим байгууллагын удирдлагуудыг сэлгэн томилж магадгүй байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилдог бол, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргыг Ерөнхий сайдын санал болгож Засгийн газар томилж, чөлөөлөх хуулийн зохицуулалтай.

Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналаар АТГ, ЦЕГ-ын удирдлагуудыг УИХ, Засгийн газар томилж, чөлөөлөх хуулийн зохицуулалттай.  

Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдавааг ЦЕГ-ын даргаар сэлгэн томилох гэж байгаа гэх мэдээлэл байна. Харин ЦЕГ-ын одоогийн дарга Ж.Болдыг БНСУ-д суух консулаар, улмаар АТГ-ын даргаар Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг томилж магадгүй байгаа ажээ.

Сонирхуулахад, АТГ-ын дарга З.Дашдавааг Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал болгож, 2019 оны тавдугаар сард тус албанд томилж байсан юм. Харин 2020 онд АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилдог болгон хуулийг өөрчилсөн. АТГ-ын дарга З.Дашдаваа нь Хэнтий аймгийн харьяат бөгөөд ажлын гараагаа 1995-1996 оны хугацаанд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр эхлүүлж байсан байдаг. 

Харин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг 2020 оны долдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгон томилж байсан. Тэрбээр өмнө нь Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, ЦЕГ-ын Дэд даргаар ажиллаж байсан юм. 

АТГ-ын даргаар томилогдож магадгүй байгаа Р.Чингис нь 2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авлигатай тэмцэх тасгийн дарга, ЦЕГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын орлогчоор ажиллаж байсан бөгөөд өдгөө Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байгаа нэгэн юм.