Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авч, шинээр томилогдож буй газрын ахлах менежер, менежерүүдийг танилцуулсан.
Тодруулбал, Захиргаа, удирдлагын газрын ахлах менежерээр Б.Ундармаа, Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерээр Г.Ханцоож, Хууль, эрх зүйн газрын менежерээр М.Золжаргал, Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежерээр Ж.Бажуна, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежерээр Ц.Сэргэлэн, Төслийн судалгаа, үнэлгээний газрын ахлах менежерээр Я.Өлзийболд, Үйлдвэр, технологийн ахлах менежерээр Д.Даваадорж нар шалгарсан байдаг.
Тэгвэл Хууль, эрх зүйн газрын менежерээр шалгарсан М.Золжаргал нь өдгөө Хөгжлийн банкны хэрэгт “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" хэмээн шүүгдэж байгаа аж.
Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны даргаар ажиллаж байсан нэгэн юм. Энэ ч утгаараа Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж буй. М.Золжаргалыг дээрх албанд ажиллаж байхад одоогийн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.
Товчхондоо тэд 2020 оноос нэг баг болон ажиллаж байсан бол өдгөө ийнхүү "Эрдэнэс Монгол" ХХК-д мөн нэг баг болон ажиллахаар болоод байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Шударга, нээлттэй, ил тод болсон гэгдэж буй "Эрдэнэс Монгол"-ын ажлын байрны сонгон шалгаруулалтад Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, нэр дэвшүүлэх хорооны даргаар ажиллаж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" хэмээн шүүгдэж байгаа хүнийг шалгаруулсан нь магадгүй Хөгжлийн банкны ТУЗ-д хамт ажиллаж байсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын оролцоо байсан уу гэх хардлагыг төрүүлж байна. Харин шүүгдэгч М.Золжаргалын “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэм буруу нь шүүхээр эцэслэн тогтоогдвол тэрбээр дээрх албан тушаалд томилогдох боломжгүй болох юм. "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн "хүн" гэгддэг тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллахаасаа өмнө “Бодь интернэшнл” ХХК-ийн ахлах хуульч хийж байсан байна.