Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байна.
Тэгвэл Хөгжлийн Банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатараас 14 өмгөөлөгч татгалзаж, үдээс өмнөх хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байсан бол Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тухайн өмгөөлөгчдийн татгалзал үндэслэлгүй байна хэмээн үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр шийдсэн билээ.
Харин хуралдаанд оролцож буй өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2 дахь хэсэгт үндэслэн хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан. Энэхүү хүсэлтийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар болжээ.