Түрэгийн үеийн тахил илрүүлэхэд оролцсон монгол судлаачдад Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн медаль” олголоо

Түрэгийн үеийн тахил илрүүлэхэд оролцсон монгол судлаачдад Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн медаль” олголоо

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач С.Далантай, Г.Батболд, Ц.Буянхишиг нарт Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн медаль” олгожээ. 

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хашаат сумын нутагт оршдог Номгоны дурсгалт газарт малтлага судалгаа хийж Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлсэн билээ. Улмаар тус  төсөлд оролцон ажилласан дээрх судлаачдын хөдөлмөрийг үнэлэн энэхүү шагналыг олгож байна.

Энэхүү олдвор нь гэрэлт хөшөөний оройн хэсэг бөгөөд дээд хэсэгт хос чонын дүрслэлтэй, хөшөөний эх биеийн хэсэгт одоогоор 12 мөр бичээс хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон. Тус дурсгал нь НТ 689 оны орчим бүтээгдсэн дурсгал хэмээн үзэж байна. Хөшөөний бичээс дунд "Кутлук хаган Түрэг, Тэнгэрийн хүү, үхэр жилийн 9 сар, түм түмэн..." зэрэг бичлэгүүд тод танигдан уншигдаж байгаа аж.

Уг хөшөөний бичээсийг тайлж унших судалгаа болон тахилын цогцолборын археологийн малтлага судалгааны ажлыг хамтарсан төслийн судлаачид үргэлжлүүлэн хийж удахгүй үр дүнг нийтэд зарлахаар төлөвлөж байна. Энэ хөшөө нь Культегин, Билгэ хаан, Тонькукын гэрэлт хөшөө зэрэг Эртний Түрэгийн хаант улсын түүхийг өгүүлсэн томоохон гэрэлт хөшөөнүүд илэрснээс хойш 130 жилийн дараа илэрч байгаа томоохон нээлт болсон дурсгал юм.