Экологич Д.Туяа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Булган аймагт барьж буй 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудлыг төрийн өмчид авах ёстой

Экологич Д.Туяа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Булган аймагт барьж буй 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудлыг төрийн өмчид авах ёстой

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Булган аймагт барьж буй 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудлыг төрийн өмчид авах ёстой талаар Экологич Д.Туяа ярилаа.

Тэрбээр,“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн өмнөх болон одоогийн удирдлагууд Эрдэнэт хотоос 70 гаруй км зайд уулын аманд 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудал барьж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор орон нутгийн иргэд 2021, 2022, 2023 онд орон нутгаас авах ёстой саналыг аваагүй, БОАЖЯ-аар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулаагүй, байгаль орчны ерөнхий үнэлгээний тайлан батлуулахдаа хуульд нийцэхгүй хуурамч материал бүрдүүлж орон нутгаас санал авахгүйгээр 2020 онд алба хашиж байсан БОАЖЯ-ны албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж ерөнхий үнэлгээний тайлангаа батлуулсан. Уг зочид буудлыг яагаад Булган аймгийн иргэд ярьж байна вэ гэхээр тус аймгийн иргэдээс санал аваагүй, байгаль орчны тусгай зөвшөөрлийг авахгүйгээр үйл ажиллагаа явуулж барилга, байшин барьж эхэлсэн байгаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь иргэд бидний харж буйгаар 100 хувь төрийн өмчит болсон. Уг үйлдвэрийн орлого улсын төсөвт төвлөрөх ёстой гэтэл удирдлагууд нь төсөвт төвлөрүүлэх мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж харагдаж байгаа юм. Иймд Булган аймгийн нутаг дэвсгэр дээр баригдаж буй барилгыг зогсоохгүй байсаар ашиглалтад орох гэж буй барилгыг ямар ч үр ашиггүй, Булган аймгийн нутаг дэвсгэрт учир хүүхдийн эсвэл ахмадын сувилал болгож төрийн өмчид авах ёстой гэж бид үзэж байгаа юм. Үүгээрээ Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд болон шат шатны хуулийн байгууллагад хандаж байна” гэж мэдэгдлээ.

М.Ариунаа