"Монголыг бүгд найрамдах улс болгож, Н.Энхбаяр өөрөө УИХ-ын гишүүнээр шууд томилогддог болох" ҮХ-ийн төсөл иргэдийг бухимдуулж, жагсаал болгох дөхөв

"Монголыг бүгд найрамдах улс болгож, Н.Энхбаяр өөрөө УИХ-ын гишүүнээр шууд томилогддог болох" ҮХ-ийн төсөл иргэдийг бухимдуулж, жагсаал болгох дөхөв

Энэ долоо хоногт хүйтний эрч эрс чангарч зарим газартаа -45 градус хүрч хүйтэрч, АТГ ажлын тайлангаа тавьж, АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр УДШ хандаж, Фейсбүүкт хяналт тавих гэсэн Н.Учралын хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьсан гээд олон үйл явдал өрнөсөн өдрүүд өнгөрч байна. Харин өнгөрч буй долоо хоногт иргэдийн Сүхбаатарын талбайд жагсаах дөхсөн нэг асуудал нь Н.Энхбаярын боловсруулсан “Монгол Улсын ардчилсан тогтолцоог үгүй хийж, социалист Бүгд найрамдах улс болгох” гэсэн Үндсэн хуулийн төсөл байлаа.

Хамгийн ноцтой нь Н.Энхбаяр тус төслөө олон хувь хэвлээд манай улсад суугаа элчин сайдын яамдад тараачихсан байгаа юм.

Харин түүний төслийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд боловсруулсан байна хэмээн зарим иргэд хардаж, тэсрэх дөхсөн. Улмаар -40 градусын хүйтэнд Сүхбаатарын талбайд жагсаж гэсэн иргэд ч олон байлаа.

-“Н.ЭНХБАЯР ӨӨРӨӨ ЗӨВШӨӨРВӨЛ 6 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР ТОМИЛНО” Н.ЭНХБАЯР ӨӨРИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛДӨӨ ОРУУЛЖЭЭ-

Тэгвэл, Н.Энхбаяр өөрийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийнхөө 1.1-д “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, нэгдмэл эрх зүйт төр бүхий Бүгд Найрамдах Улс мөн” гэжээ. Мөн Н.Энхбаярын Үндсэн хуулийн төслийнхөө 17.3-д, “гурван үеэрээ Монгол Улсын харьяат байсан хүн давхар иргэншилтэй байж болно” гэж заажээ. Мөн Н.Энхбаярын Үндсэн хуулийн төслийн 23.3-д, “Ерөнхийлөгчийг УИХ болон Улсын бага хурлын нийт гишүүнээс бүрдсэн бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар саналаа нууцаар гаргаж, ердийн олонхын саналаар Ерөнхийлөгчийг сонгоно” гэжээ.

Бас Н.Энхбаярын Үндсэн хуулийн төслийн 30.1-д заасан ёсоор бол Монголын хууль тогтоох үүрэгтэй парламент нь Үндэсний их хурал байх бол, Үндэсний их хурал нь Улсын бага хурал, УИХ¬-аас бүрдэх гэнэ. Улмаар Бага хурал нь Ерөнхий сайдыг томилж чадаагүй бол Ерөнхийлөгч нь бага хурлаа тараах шийдвэр гаргана гэж 34.11-дээ заажээ. Харин УИХ нь 90 төлөөлөгчөөс бүрдэж үүний 75-г нь сонгож, 15-г томилох юм гэнэ. Улмаар Ерөнхийлөгчийн алба тушаал хашиж байсан хүн өөрөө зөвшөөрвөл түүнийг зургаан жилийн хугацаагаар УИХ-ын гишүүнээр томилно гэж Н.Энхбаяр төслийнхөө 35.12-доо заажээ. Төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Н.Энхбаяр уг төслөө хамгаалж мэдээлэл хийв. 2023.01.26

 Товчхондоо, “Элий балай” түүний хуулиар бол УИХ-д өөрөө ямар ч сонголтгүйгээр суудаг байх хуулийг Н.Энхбаяр өөртөө зориулан зохиож, түүндээ өөрөө итгэж, өөрийгөө өмөөрсөн нэг долоо хоног болж өнгөрөв.

-“Н.ЭНХБАЯР БИЧСЭН” ГЭДГИЙГ НЬ МЭДЭЭГҮЙ ИРГЭД -30 ГРАДУСЫН ХҮЙТЭНД ЖАГСАХ ДӨХӨВ-

Харин дээрх “элий балай” хуулийн төслийн зохиогч нь Н.Энхбаяр гэж мэдээгүй олон иргэд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийн нэр дор Монголд системийн өөрчлөлтийг МАН хийж, ардчиллаас ухрах гэж байна хэмээн уурсаж, “Сүхбаатарын талбайд гарч жагсая” хэмээн уриалж байлаа. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар тайлбар хийж, “Н.Энхбаярын боловсруулсан Шинэ Үндсэн хуулийн төсөлтэй танилцаагүй. Элчин сайдад яамдад яагаад очсоныг ч мэдэхгүй байна” гэж мэдэгдэж “элий балай” хуулийн төслийн эзэн Н.Энхбаяр гэж зааж өгснөөр иргэдийн бухимдал намжсан юм.