"Л.Гантөмөрийг АН­-ын даргаар бүртгэх"-д саад хийхийн тулд Д.Ганбат, Д.Эрдэнэсувд нарын нэгийг “Дарга” гэж С.Эрдэнэ сонгоод УДШ-д хандахаар болжээ

"Л.Гантөмөрийг АН­-ын даргаар бүртгэх"-д саад хийхийн тулд Д.Ганбат, Д.Эрдэнэсувд нарын нэгийг “Дарга” гэж С.Эрдэнэ сонгоод УДШ-д хандахаар болжээ

“АН-ын дарга буюу итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд байхгүй” гэж Улсын дээд шүүх /УДШ/-ийн тогтоол гарсан. Товчхондоо, “тус намд одоогоор албан ёсны дарга байхгүй” гэж УДШ-ээс мэдэгдсэн.

Иймд УИХ дахь АН-ын бүлгээс “Эвлэрлийн ажлын хэсэг” байгуулж тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг өнгөрсөн долоо хоног /2023.01.19/-т хуралдаж, Л.Гантөмөрийг намын даргаар сонгосон. Харин түүнийг АН-ын даргад бүртгүүлэх материалыг нь УДШ-д явуулахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

-АН-ЫГ ИТГЭМЖЛЭЛТЭЙ ТӨЛӨӨЛНӨ ГЭХ Д.ГАНБАТЫН МАТЕРИАЛ Л.ГАНТӨМӨРИЙН БҮРТГЭЛД СААД БОЛЖ ЧАДАХГҮЙ ТУЛ “ДАРГА ТОДРУУЛАХ”-ААР С.ЭРДЭНЭ ШИЙДЖЭЭ-

Харин дээрх хурлын өмнөхөн С.Эрдэнэ, Х.Баттулгын талтай хамтарч ажиллахаар болсон талаараа зарласан бөгөөд ирэх сарын 18 /2023.02.18/-нд Х.Баттулгын зарласан АН¬-ын их хурлаар “асуудлаа ярья” хэмээн тохироод байжээ. Гэтэл С.Эрдэнэ өчигдөр АН-ын ҮБХ-ны намрын хаалтын хурал гэгчийг хийж, “ирэх бямба гараг /2023.01.28/-т АН¬-ын их хурлыг хийж, намын даргыг шинээр сонгон батламжилна” хэмээн мэдэгдсэн нь Х.Баттулга нарыг цочролд оруулжээ. Учир нь С.Эрдэнэ өчигдөр хийсэн хурлынхаа талаар Х.Баттулга нарт огт хэлээгүй байна.

Харин энэ нь Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэх тухай УДШ-ийн хуралд “зөрчил үүсгэж, бүртгүүлэхгүй байх” С.Эрдэнийн тактик бололтой.

Учир нь С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоног /2023.01.19/-т “Д.Ганбат нь АН-ыг итгэмжлэлтэй төлөөлнө” гэсэн шийдвэр гаргаж, УДШ-д хандахаар болоод байсан юм.Харин УДШ өнгөрсөн сар /2022.12.14/-д “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-даа өөрчлөлт оруулж, улс төрийн намд итгэмжлэгдсэн болоод итгэмжлэлтэй төлөөлөгч бүртгүүлэх гэсэн материалыг хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэсэн аж. Энэ нь  “Д.Ганбат нь АН-ыг итгэмжлэлтэй төлөөлнө” гэсэн С.Эрдэнийн шийдвэр Л.Гантөмөрийг бүртгүүлэхэд “зөрчил үүсгэж, саад хийж чадахгүй” тул тэрээр ийнхүү АН-ын даргыг тодруулна гэх хурлаа яаран гурав хоногт хийхэд хүргэсэн бололтой. Тодруулбал, АН-ын дарга гэгчээр өөрийн итгэлтэй нэг хүнээ С.Эрдэнэ тодруулаад, Л.Гантөмөрийн бүртгэлд саад хийх зорилго нь гэж болно.

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ, “ТЭРГҮҮН ХАТАН” Д.ЭРДЭНЭСУВД ХОЁРЫНХОО НЭГИЙГ АН-ЫН ДАРГА ХЭМЭЭН С.ЭРДЭНЭ СОНГОНО-

Тэгвэл С.Эрдэнийн тодруулах дарга хэн байх нь улс төрийн хүрээнд инээдэм болгон таамаглал дэвшүүлж байна. Тодруулбал, С.Эрдэнийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, эсвэл түүний “тэргүүн хатан” гэгддэг Д.Эрдэнэсувд нарын нэг нь тодрох бололтой. Д.Эрдэнэсувдын хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвшихдээ Д.Эрдэнэсувдаар ерөнхий менежерээ хийлгэж байж.

Харин өдгөө Д.Эрдэнэсувд нь С.Эрдэнийн АН-д ҮБХ-ны дэд дарга, Хэрэг эрхлэх газрын дарга, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, Даргын зөвлөлийн гишүүн, ЕНБДарга гэх таван албан тушаалд хашдаг аж. Энэ утгаараа Д.Эрдэнэсувдыг “тэргүүн хатан” хэмээн зарим нь нэрлэдэг байна.

АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэх гэсэн материалыг С.Эрдэнэ татаж авсан баримт

Сонирхуулахад, С.Эрдэнийн хувьд АН-ын тодруулж байгаа анхны тохиолд нь энэ биш. Тодруулбал, С.Эрдэнэ 2020 оны сонгуулийн дараа Ц.Туваанд АН-ын тамгыг өгсөн ч удалгүй УБЕГ-т хандаж, шинээр тамга хийлгэж авсан. Дараа нь 2021 онд М.Тулгатыг АН-ын даргаар сонгож, УДШ-д хандаад байсан ч, С.Эрдэнэ удалгүй “бүрдүүлбэр дутуу” хэмээн материалыг нь татаж авсан. Энэ бүхэн нь түүнийг АН-аас салах ямар ч санаа зорилгогүй хугацаа хожиж байж магадгүй гэж хардахад хүргэдэг. Учир нь С.Эрдэнэд холбогдох эрүүгийн хоёр хэрэг Нийслэлийн прокурор дээр нэг нь түдгэлзсэн, нөгөө нь тусгаарлагдсан байдалтай шүүх рүү шилжихгүй гацаад байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө