Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд нэмэгдэхээр болсон.
Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрбээр " 2016 онд олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ 2020 онд нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын сан орлого, зарлагаа нөхөж чаддаггүй. 2019 онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байна..
2020 онд ажилчдаас болон ажил олгогчоос авдаг НДШ-ийг ажилчдаас тус бүр нэг хувь нэмнэ. Уг сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Хэдийгээр НДШ-ийг ирэх онд нэмсэн ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй.
Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг буруу ойлголт. Төрийн албан хаагчдын цалин 2017 оноос хойш гурван удаа нэмэгдсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тавьсан. НДШ нэмэгдсэнээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт 2018 оны 15,8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. "Капитал" банк дампуурсан. Тус банкинд нийгмийн даатгалын 105 тэрбум төгрөг байрлаж байсан. Тэр мөнгөний алдагдлыг нөхөхийн тулд НДШ-ийг нэмж байна гэдэг худал мэдээлэл. "Капитал"-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын мөнгөн үлдэгдэл 500 гаруй тэрбум төгрөг байна" гэсэн юм.