Б.Бат-Эрдэнэ: Устах гэж байсан банхрыг үржүүлж, дэлхийд "Монгол банхар" гэдэг үүлдрийг бүртгүүлэхийг зорьж байна /ВИДЕО/

Б.Бат-Эрдэнэ: Устах гэж байсан банхрыг үржүүлж, дэлхийд "Монгол банхар" гэдэг үүлдрийг бүртгүүлэхийг зорьж байна /ВИДЕО/

Монголчуудын хэдэн зууны баатарлаг түүхийн нэг тасархайд анч, хоточ банхар оршин буй. Түүнийг өдгөө “Монгол банхар” хэмээн нэрийдэж өсгөн үржүүлсээр байгаа юм. Тэгвэл 2000-аад оны эхэн үед устаж үгүй болж байсан Монгол банхрыг авч үлдэхийн тулд "Монголын банхар судлалын холбоо"-ны залуус алслагдмал нутгуудаар явж, малчны хотноос цэвэр цусны Монгол банхар олж, үржүүлсээр таван мянган тоо толгойд хүргэж, энэхүү үүлдрийг дэлхийд албан ёсоор бүртгүүлэхээр зорьж буй аж. Иймд бид энэ удаа "Монгол банхар судлалын холбоо"-ны гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнийг онцоллоо.

ВИДЕО: 

Түүний хувьд 2010 оноос эхлэн 12 жил монгол банхар өсгөн үржүүлж байгаа юм. Ингэхдээ шаргал зүсмийн банхрыг таван үе дамнуулан өсгөжээ. Улмаар гар дээрээ арав гаруй банхар тэжээдэг тэднийгээ заралгүй нас барах хүртэл нь тэжээн гэдээ хэлж байлаа. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-12 ЖИЛИЙН ТУРШ, ТАВАН ҮЕЭР НЬ ӨСГӨСӨН БАНХАР МААНЬ ХАШААНДАА ХАМГИЙН ТАЙВАН, ИХ ЗАНТАЙ НЬ-

-Хамт ирсэн нохойгоо танилцуулаач?

-Манай энэ банхрыг Басар гэдэг. Одоо дөрвөн настай. Аймар томоотой. Энэ ер нь манай хашааны хамгийн тайван, дөлгөөн миний үгэнд хамгийн сайн ордог. Суу гэж хэлэхэд суудаг. Заа сууж байгаарай гэхэд суугаад байж л байна. Басарын эмээ, өвөө, эмээ, өвөөгийнх нь эцэг эхийг хүртэл миний гар дээр өсөж байсан. Одоо ч байгаа. Энэ над дээр дөрөв, таван үеэрээ тэжээгдэж байгаа нохой. Тийм том биетэй. Тайван, дөлгөөн, өөртөө итгэлтэй. Ийм нохой байдаг даа.

-Анх хэзээ, яагаад монгол банхар тэжээх болов?

-Бага байхад манайд нэг хоточ нохой байдаг байсан юм. Тэр үеэс өөрөө нохойтой болохыг хүсдэг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд ажил хийж боломжтой болоод анх 2010 онд монгол банхар авснаас хойш тасралтгүй тэжээж, үржүүлсээр байгаа.

Түүний тэжээсэн анхны "Монгол банхар" 2012 он

-МОНГОЛЧУУД МААНЬ ҮНДЭСНИЙ УУГУУЛ НОХОЙ, ХОТОЧ БАНХАР ГЭДЭГ Ч ДЭЛХИЙД БАНХРЫГ БИЕ ДААСАН ҮҮЛДЭР ГЭДГЭЭР АВЧ ҮЗДЭГГҮЙ-

-Монгол банхар судлалын холбоо 2000-аад онд малчдын хотноос банхар хайхаар явж байсан гэдэг. Энэ талаар дурдвал?

-Монгол банхрыг нэг үе устаж үгүй болох дээрээ тулсан тухай 2000-аад оны эхэн үед ярьж байсан. Тухайн үед монгол банхар үржүүлэгчид маань хөдөө орон нутгаас цэвэр цусны монгол банхруудыг оруулж ирээд үржлийн ажил хийсэн. Түүнээс хойш яг одоогийн байдлаар удмын бичиг, чиптэй. Монголын нохой судлалын холбоонд бүртгэлтэй. Цэвэр цусны банхар таван мянга болж тоо толгой нь өссөн.

-Авч ирээд үржүүлчихсэн. Дараагийн зорилго юу вэ?

-Монголчууд маань монгол банхар манай үндэсний уугуул нохой. Хоньч, хоточ нохой гэж мэддэг ч гэсэн дэлхий дахинд монгол банхар гэдэг нохойг бие даасан үүлдэр гэдгээр авч үздэггүй. Тиймээс энэ нохойгоо дэлхий дахинд таниулъя, сурталчилъя гэсэн зорилгоор тэжээж эхэлсэн. Монгол банхар судлалын холбооны үндсэн зорилго "Монгол банхар" гэх үндэсний уугуул үүлдрийн нохойг дэлхийн нохой судлалын холбоо буюу FCI гэдэг байгууллагад албан ёсны үүлдрээр бүртгүүлэхээр зорьж байна.

-МОНГОЛ БАНХАР ХӨДӨӨГӨӨ, ХОНИО ХАРИУЛЖ, АЖЛАА ХИЙЖ БАЙХДАА Л ХАМГИЙН ГОЁ ХАРАГДДАГ. БАС УРТ НАСАЛДАГ-

-Цэвэр цусны монгол банхрын зүс, онцлогоос сонирхуулбал?

-Монгол банхрын үндсэн зүс нь дөрвөн нүдтэй, халтар байдаг. Үүнээс гадна зүрх цагаан, хар, шар, цагаан зүсмийн нохойнууд байдаг. Байгальд амьдрах чадвар сайтай. Ухаантай. Зулзагалахдаа аль дулаан газрыг сонгож, газраа малтаж дулаан газар зулгаа төрүүлдэг. Мөн эр, эм ялгаагүй зулзагуудаа идсэн хоолоо гулгиж өгнө. Тэднийгээ хооллож байна гэж бодож байгаа нь тэр л дээ.

-Банхар хэд насалдаг вэ? Амьдарч буй орчин хамаардаг уу?

-Монгол банхар уугуул үүлдэр учраас харьцангуй өндөр насалдаг. Ер нь 17, 18 хүрдэг. Хөдөө яваад үзэхэд зарим малчны гэрт бүр өндөр 25, 26 хүрсэн нохой тааралдаж байсан. Бүр ямар ч шүдгүй болчихсон. Буурал хоншоортой ч гэдэг юм уу. Тийм нохой тааралдах нь нэлээн элбэг. Банхар ер нь хөдөөгөө хонио хариулаад явж байхдаа л гоё харагддаг. 

-Харин зан чанарын хувьд?

-Монгол нохой маань хоньч хоточ нохой. Хонь малаа хариулдаг. Дагаж явдаг. Араатан амьтнаас хамгаалдаг. Зан чанарын хувьд тайван, дөлгөөн. Хэрэгтэй үед хурц зангаа гаргаж араатантай тулалдахад бэлэн байдаг.

Иймд бид энэ талаар бид зүгээр нэг яриад өнгөрөх биш үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж үзэх үүднээс манай холбооноос зан темпераментын тест олон улсын байгууллагаар банхар дээрээ хийлгэсэн. Тэр нь дээр яг бидний ярьдаг зан чанарыг баталж гаргаж ирсэн.

БАНХРУУДАА ЗАРАХГҮЙ. ЯГ ӨӨР ДЭЭРЭЭ НАС БАРАХ ХҮРТЭЛ НЬ ТЭЖЭЭН ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ

-Малчид монгол банхар авах гэж эрэл хайгуул хийдэг болсон. Тэгэхээр энэ цэвэр цусны таван мянга гаруй банхраас авах боломж байдаг уу? 

-Хөөрхөн зулзагууд өгч бололгүй яах вэ. Ер нь банхар тэжээдэг хүмүүс хөдөө рүү үрчлүүлэх дуртай байдаг. Гэхдээ үржүүлж байгаа эзэн нь л мэднэ дээ. 

-Таны хувьд үржүүлж буй банхаруудаа хүнд өгөх үү. Цаашид яах зорилготой байгаа вэ?

-Манайх "Арслан Заан" гэдэг үржлийн газартай. Арав гаруй нохойтой. Энэ арав гаруй нохойгоо ерөнхийдөө бүр багаас нь тэжээсэн. Цаашдаа зарж, үрэхгүй яг өөр дээрээ нас бартал нь тэжээнэ гэсэн зорилготой. 

Мөн тэрбээр монгол банхрын талаар сонсож байсан домог, түүх болсон явдлаас хуваалцав. "Тав, зургаан жилийн өмнө төв аймагт цасан шуурганаар эхнэр нөхөр хоёр төөрөөд цасан шуурганд осгож үхэх дээрээ тулсан байдаг. Тэр үед Мишка нэртэй монгол банхар эзнээ аварсан явдал тохиолдож байсан. Яаж амьд гарсан бэ гэхээр нохой нь гурван өдрийн турш дээрээс нь дараад буюу хучаад хэвтчихсэн. Цасаар хучигдсан эзэн нь осголтын байдалтай олдсон гэх баатарлаг түүх байдаг. Мөн банхар газар хөдлөлт мэдэрч өлгийтэй хүүхэд авч зугтсан гэхчлэн олон яриа бий" 

Эзнээ аварсан банхар "Мишка" 2017 он

-Монгол банхрын уулзалт, тэмцээнүүдийн талаар мэдээлэл өгөөч. Зарим хүмүүс банхрыг зодолдуулдаг. Түүний тулд өсгөж байгаа гэх ойлголттой байдаг шүү дээ? 

-Монголын нохой судлалын холбооноос үзэсгэлэн тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Жилдээ гурваас дөрвөн удаа юм уу тогтмол зохион байгуулдаг. Энэ үзэсгэлэн тэмцээний үеэр ямар нэг зодоон хийдэггүй. Зодооныг дэмждэггүй байгууллага юм. Үзэсгэлэн тэмцээнд зөвхөн нохойныхоо бие анатомийн бүтцийг шалгаруулдаг. Энэ нохой зөв гишгэж байна уу. Эрүүл байна уу. Хөл гар нь тэгшхэн байна уу гэх мэт. Хүнээр яривал миссийн тэмцээн гэсэн үг.

Монгол арслан Бавлаг нэг настай 74,5см

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

-Та бүхэнд бас баярлалаа. 

ФОТО: 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө