“БГД-ээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ө.Ууганжаргал 60 орчим сая төгрөгийн хууль бус гэрээ байгуулж хууль зөрчсөн”

“БГД-ээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ө.Ууганжаргал 60 орчим сая төгрөгийн хууль бус гэрээ байгуулж хууль зөрчсөн”

БГД-ээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч УБТЗ-д даргын албан тушаал хашиж байхдаа шүүхээс ял шийтгэл авсан асуудлаар өнөөдөр /2023.01.10/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ИТХ-ын төлөөлөгч Ө.Ууганжаргал нь тендер зарлалгүйгээр нэг компанийг онцлон тухайн байгууллагын барилгын сантехникийн бохирын асуудлыг шийдвэрлэх ажлыг гүйцэтгэжээ. Энэ үйлдлээрээ 14 удаа нийт 60 орчим сая төгрөгийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн асуудал ажээ. Уг асуудлаар сонгогчдын төлөөлөл н.Нямдаржаа эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “БГД-ын нэгдүгээр хорооноос 2020 оны орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ө.Ууганжаргал гэх төлөөлөгч УБТЗ-ын эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн даргаар төлөөлөгч болсноосоо хойш томилогдсон. УБТЗ-ын нэгжийн дарга хийж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдлыг бий болгож, тендер зарлахгүйгээр тухайн байгууллагын барилгын сантехникийн бохирын асуудлыг шийдсэн үйлдэл гаргасан. Тендер зарлана гэдэг нь хамгийн багадаа гурван ААН, компани өрсөлддөг. Тэгтэл нэг л компанийг онцлон ажилчдадаа танилцуулан ажлаа хийлгэхээр тохирч ажлаа гүйцэтгүүлсэн. Гүйцэтгэхдээ тухайн нэгжийн дарга таван сая төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр гэрээг эрх мэдлийнхээ хүрээнд хийх ёстой. Таван сая төгрөгнөөс дээших төгрөгийн гэрээг тухайн байгууллагын дээд шатны байгууллагатаа танилцуулж тендерийн хороо, хяналтын хороогоор хэлэлцэж гэрээ байгуулах ёстой юм. Энэ хууль зөрчсөн үйлдэл нь БГД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 сарын 15-ны өдөр шүүхийн шийтгэх тогтоолоор гурван жилийн хугацаанд төрийн албанд ажиллахгүй байх мөн 10 сая төгрөгөөр торгуулах ял ногдуулсан. Тус шийтгэл хүчин төгөлдөр болмогц тухайн ялын биелэлтийг гүйцэтгэх ёстой ч өнөөдрийг хүртэл БГД-ийн төлөөлөгчийн албан тушаалыг хашсан хэвээр байна” гэсэн юм.

Хууль бус үйлдэл хийсэн Ө.Ууганжаргал нь УБТЗ-ын төмөр замын нэгжийн даргын ажлаа өгч, торгуулиа төлсөн ч төлөөлөгчийн ажлаа хийсээр байгаа нь иргэдийн дургүйцлийн хүргэжээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн иргэдийн төлөөлөгчид энэ асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Харин тэд ашиг сонирхлын зөрчил гаргаж, тухайн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа учраас сонгогч бид мэдээлэл хийж байна. Шударга ёсны зарчим зөрчигдөж байна гэж үзэж байна.

А.Сүнчигмаа