С.Амарсайхан: Зарим аймаг сумдад цас ихтэй мал хөлөөр бэлчих боломжгүй болж, нөөцийн өвс дуусаж байна /ВИДЕО/

С.Амарсайхан: Зарим аймаг сумдад цас ихтэй мал хөлөөр бэлчих боломжгүй болж, нөөцийн өвс дуусаж байна /ВИДЕО/

Байгаль орчин хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.03/ хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн нутгийн нөхцөл байдал болон хэрхэн хохирол багатай даван туулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Улсын онцгой комиссоос 2022 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуншлага тааруу байсан 11 аймагт гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ. Аравдугаар сард 11 аймагт зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг тус тус хийсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар  салбар яам, орон нутгийн салбарын мэдээллийг 2022 оны найм, есдүгээр сард цахим хурлаар арав, арваннэгдүгээр сард хоёр удаа УОК хуралдаанаар өргөтгөсөн байдлаар сонсож, өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн иргэд, малчдад эрүүл мэндийн болон төрийн, нийгмийн халамжийн үйлчилгээ, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг тодотгож , бэлтгэл бэлэн байдлыг хангах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн болон бэлэн байдлын нөөцийг бүрүүлэх, өвс тэжээл, сүү зэргийг нөөцлөх зохин байгуулалтын ажлын үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг хангаж ажиллаа. Цаашид баруун болон говийн аймгуудаар ажиллахаар төлөвлөж байна. Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж УОК-оос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл,  Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс, тэжээл буюу нийт  1171 тонн өвс, 8 мянган тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлыг газар Дорнод аймгийн Баян-Уул суманд гал түймэр унтраах аврах анги, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Завхан аймгийн Отгон зэрэг сумдын ЗДТГ, эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашиныг олгож шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхийн 71.6 сая мал байна. Хонин толгойд шилжүүлбэл 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Үүнээс 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөл байдал үүссэн байна. Өвөлжилтийн цаг агаарын нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Алтай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20 см-ээс их хэмжээтэй цасан бүрхүүл байна. Зудын эрсдэлээр дүгнэвэл нийт нутгийн 60 орчим хувь их эрсдэлтэй. 30 гаруй хувь дунд зэргийн эрсдэлтэй, 10 орчим хувь бага эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 160 сум зудын эрсдэл их байна. Цаашид цаг уур хүндрэх эрсдэлтэй байна. Зудын эрсдэлтэй аймаг сумдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

Зарим аймаг сумдад цас ихтэй мал хөлөөр бэлчих боломжгүй байгаа учир өдөр тутам тэжээж  байгаа. Өөрөөр хэлбэл хотондоо байгаагаас үүдэж өвс тэжээлийн хүрэлцээ хангалтгүй болж байгаа нөхцөл байдал үүсэж байна.

Эхнээсээ өвс тэжээл дуусаж байгаа учир аймаг орон нутгийн нөөцөөс нэмэлт өвс тэжээлийг хүргэж байгаа. Энэ жилийн өвс тэжээлийн хэрэглээ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2, 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сумдын өвс тэжээлийн эхний нөөц дууссан учир аймаг орон нутгаас нөөцийн өвс хуваарилах, хүргэх ажил зохион байгуулж байна" гэлээ. 

ВИДЕО: