Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ. Энэ дагуу өнөөдөр НЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр, “Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу цэргийн бүртгэл явагдах гэж байна. Үүнд НЗДТГ нь хариуцна гэж заачихсан байдаг. Энэ хүрээнд захирамжаа гаргаад бүртгэлээ эхлүүлэх гэж байна. БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлтийн мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн, “МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж байгаа урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд цахим монгол, цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод байлгахад ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд БХЯ-ны зүгээс төрийн батлан хамгаалах үйлчилгээг цахимжуулах зорилгоор 2021 оноос ЦХХХЯ-ны e-mongolia-той хамтарч цэргийн бүртгэлийг анх удаа зохион байгуулсан. Өнгөрсөн жил улсын хэмжээнд цэргийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн 20 орчим хувь нь цахим e-mongolia-аар цэргийн бүртгэлд бүртгэгдсэн байна” гэв.
Мөн 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд орон нутгийн засаг захиргааны нэгж буюу дүүрэг, хорооныхоо хэмжээнд давхар цэргийн бүртгэл явагдана. Харин хоёр онцлогтой зүйл байгаа бөгөөд нэгдүгээрт “Анхны гарааны жилээ бүртгүүлж байгаа буюу 18 насанд хүрсэн иргэд хороо нь дээрээ очиж дэвтрээ нээлгээд e-mongolia-аар бүртгүүлж эхлэх учиртай”, хоёрдугаарт “Шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн хүмүүс хороо нь дээрээ очиж энэ бүртгэлийг мөн хийлгэх хэрэгтэй” мөн цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаясан иргэд хороо, дүүрэг дээрээ очоод шинэ дэвтрээ нээлгэж аваад цэргийн бүртгэлдээ хамрагдуулах боломжтой” гэв. Мөн цахим бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн хаягийн мэдээллийн сервисээс дамжуулан тухайн оршин суугаа хаягийн мэдээллийн дагуу дүүргийн болон аймгийн цэргийн штабын мэргэжилтэн нар шууд очдог сайжруулалтыг хийсэн. Цар тахлын үед зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй болон бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоогүй бол энэ жилээс эхлэн хуучин журмаараа торгуулийн арга хэмжээ авна. Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Энэ жилээс цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тамга даруулах шаардлагагүй болсон аж.