ТОДРУУЛГА: Нүүрс тээврийн жолооч нараас авдаг ковидын шинжилгээг зогсоосон бөгөөд хамгаалалтын зэрэглэлийг бууруулсан

ТОДРУУЛГА: Нүүрс тээврийн жолооч нараас авдаг ковидын шинжилгээг зогсоосон бөгөөд хамгаалалтын зэрэглэлийг бууруулсан

БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганц-Мод боомтын захиргаанаас мэдэгдэл гаргаж, энэ сарын 30-ны өдрөөс эхлэн хятадын талын ПГУ шинжилгээг зогсоохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Хилийн боомтын захиргаа, Гашуунсухайт шуурхай штабаас 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хятад талын ПГУ шинжилгээг зогсоохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ талаар Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны Гашуунсухайт хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргалаас тодруулахад "БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганц-Мод боомтын захиргаанаас мэдэгдэл гаргаж, энэ сарын 30-ны өдрөөс эхлэн хятадын талын ПГУ шинжилгээг зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Хятад Монгол тал бүх төрлийн Ковидын шинжилгээг зогсоосон. Харин битүүмжилсэн тээврийн багын системээр явж байсныг болиод одоо багын системийн зохион байгуулалтаар явна" гэлээ. 

Үүнтэй холбоотойгоор цэргийн хамгаалалт нь хэвээр үргэлжлэх эсэхийг лавлахад "Хамгаалалтын зэрэглэлийг бууруулж, хөдөлгөөний аюулгүй байдлын дотоод зохион байгуулалтыг хангах зорилгоор Өмнөговь аймаг дахь дугаар цэргийн ангийн алба хаагчид болон гэрээт цагдаа, орон нутгийн цагдаагийн алба хаагчид чиг үүргээрээ ажиллана" гэв.