Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа өнөөдөр /2022.12.27/ аймагтаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжих иргэдийг дэмжих тогтоомж гарсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос хүний нөөц болон ААН-үүдийг аймагтаа татах зорилгоор ирэх 2023 оны нэгдүгээр сарын 19-22 өдрүүдийг “Ховд аймгаар амьсгалах” өдрүүд болгон зохион байгуулна. Мөн орон нутаг руу хийх шилжилт хөдөлгөөнийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Аймаг орон нутагтаа жуулчид болон иргэдийг татах
- Аялал жуулчлалын арга хэмжээ
- Ажлын байр боломжуудыг харуулах
Уг ажлыг "Мөнгөлөг шагшуурга" гэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаагаар эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээ Хар-Ус нуурт болдог цас мөсний баяр юм. Энэ нь 2023 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан зохион байгуулж буй анхны арга хэмжээ болж байгаа юм. Мөн уг арга хэмжээнд морин чарганы үйлчилгээ, адуучин тэшүүр, тэмээчин тэмцээнүүд, бүргэдийн үзүүлбэр, ice drifft гэх мэт олон төрлийн тэмцээн зохион байгуулна. Мөн мөсөн дээрх хамгийн анхны залуучуудад зориулсан шоу болно. Онцлох нэг зүйл нь бид энэ удаагийн үйл ажиллагаанд мөсөн гэрүүдийг барихаар төлөвлөсөн. Мөн Ховд аймаг Монгол Улсын хамгийн олон үндэстэнтэй аймаг. Иймд зочид, жуулчид нэг аймгаас олон угсаатны соёлыг харах боломжтой. Түүнчлэн ирэх гуравдугаар сард бүрх сумдын ИТХ-ыг хуралдуулж Ховд аймаг ААН-үүд хүлээн авах боломжийг бүрдүүлнэ" гэлээ.