"Монгол туургатан ачаа тээвэрчдийн холбоо" ТББ-аас 22000 мянган жолооч гудамжинд гарах, 300 аж ахуй нэгж дампуурах нөхцөл бүрдсэн талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, цар тахлын хүнд хэцүү үед манай улсын ачаа тээвэр зогсолтод орсон байсан. Тухайн зогсолтоос гарах, Хятад улсаас тавьж буй шаардлагыг биелүүлэхийн тулд Бөмбөлгийн систем рүү шилжсэн бол шилжих үйл явцад нэг компаниас хамгийн багадаа 200 сая төгрөгөөс дээш зардал гарсан байна. Тээврийн компаниуд өөрсдийн хөрөнгөөс зардал гаргаж “Цагаан хад”-н бүсэд 330 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 5-нд Бөмбөлгийн системд тэнцсэн мэдэгдэл компаниудад ирсэн ч хоёр хоногийн дараа Эрдэнэс таван толгой компаниас мэдэгдэл хийгээд Бөмбөлгийн систем хэрэгжихгүй боллоо, өөр систем рүү шилжиж байна хэмээжээ. Ингэснээр аж ахуй нэгжүүд маш их хэмжээний хохирол амссан байна. Эдгээр 300 гаруй аж ахуй нэгжүүд нь Монгол улсын нийт жолооч нарын 50 очим хувийг хараат бусаар цалинжуулж байсан бол тус жолооч нар ажилгүй болох түвшинд хүрээд байна.Тендерээр явах зарчим нь Хятад тээврийн компаниудыг давуу эрхтэй болгож байгаа бөгөөд Монгол компаниуд тендерийн үнийг Хятад компаниудаас давж чадахгүй тээврийн зах зээлээс арчигдах хэмжээнд хүрээд байна. Монгол туургатан ачаа тээвэрчдийн холбооны зүгээс гаргаж буй шаардлага нь нүүрс тээврийг биржээр гаргах, тендерийн тогтолцоог ахин нягталж үзэх, Засгийн газраас гаргасан зарим заалтыг дахин нягтлах болон тээврийг шилэн болгохыг хүсээд байгаа юм" гэлээ.
М.АРИУНАА