Энэ оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баруунсалаанд гэрээсээ усанд орох гэж гараад сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл сураггүй алга болсон хэмээн эрэн хайж буй охин нь тухайн өдөр эгчтэйгээ маргаан үүсгэж, улмаар ахындаа очихоор гараад ирээгүй байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сураггүй алга болсон хүүхдийн талаар мэдээллийг прокурорын байгууллага болон ХЭҮК-оос хүүхдийн эрхийн асуудал, нийгмийн шинж чанараас шалтгаалан өгөхийг зөвшөөрдөггүй" гэлээ. Харин эрэн хайж буй зар дээрх ар гэрийнхний дугаар руу холбогдох гэсэн ч холбогдох боломжгүй байлаа.
Ташрамд өгүүлэхэд, Дархан-Уул аймгаас алга болж, эрэн хайж байсан охиныг цагдаагийн байгууллагаас эрэн хайж, түүнийг найзынхаа хамтаар самарт явсан байсныг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгч байсан билээ.