Энэ сарын 1-нд Дархан-Уул аймгийн “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатаж, гурван хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Уг осол Онцгой байдлын түүхэн дэх анхны тохиолдол байсан юм. Тэгвэл Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг нягтаршил ихтэй Улаанбаатар хотод ШТС-иудын галын аюулгүй байдал хэрхэн зөрчигдөж буй асуудлыг бид энэ удаагийн сурвалжилгаараа хөндлөө.
ВИДЕО:
-10 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БУЙ ААН-ЭЭС 500 МЕТР ЗАЙД БАЙРЛАХ ШТС-ИУДЫН ОЙР ОРЧИМД ОЛНООРОО ШИНЭ БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛСЭН-
Тухайлбал, Улаанбаатар хотод байрлах сургууль, цэцэрлэг, гэр хороолол, орон сууцны барилгатай зарим нэг ШТС хэт ойр баригдсан байгаа юм. Үүний нэг жишээ нь Цайз 16-д байрлах "SKY Residence" орон сууцны хороолол Шунхлай ШТЦ-аас ердөө 17 метрийн зайд буюу стандартад заасан хамгийн бага хэмжээнээс найман метрээр бага зайд баригдажээ.
Улаанбаатар хотод 240-250 орчим ШТС-иуд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч шатах, тэсэрч дэлбэрэх аюул эрсдэлийг бий болгож болзошгүй байдаг. Тиймээс бусдад эрсдэл учруулж болзошгүй зай хэмжээг галын аюулгүйн нормын дагуу нарийвчлан тогтоож, баримтлах зохицуулалттай. Уг зохицуулалтыг 2014 онд шинэчлэн гаргахдаа ШТС-ын барилгыг ААН, үйл ажиллагаа явуулж буй объектоос хамгийн бага даа 25 метрийн зайд барих ёстой гэж заасан. ШТС-ын галын аюулгүй нормын зай талбайн журамын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Ингэснээр баригдаад 10 гаруй жил болж буй ААН-үүдээс 500 метр зайд байрлах ШТС-уудын ойр орчимд шинээр барилга баригдаж эхэлсэн. Ингэхдээ орон сууц, сургуулийн барилгууд ШТС-ын стандарт зай талбайг давсан зөрчил олширч буй мэдээллийг МХЕГ-аас өглөө.
-ШТС-ЫН СТАНДАРТ НОРМЫН ДАГУУХ ЗАЙ ТАЛБАЙД БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ГАРГУУЛЖ, ГАЛЫН АЮУЛТАЙ БҮСЭД ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРОН СУУЦ БАРЬЖЭЭ-
Бид "SKY Resedence" орон сууц болон Шунхлай ШТС-ын галын аюулгүйн норм зөрчигдөж буй талаар орон сууцны иргэд болон тус ШТС-ын холбогдох мэргэжилтэнүүдээс тодруулахад, Уг ШТС-ын барилга 2010 онд баригдсан. Анх баригдахдаа зай талбайн зөвшөөрөгдсөн хэмжээнд барьсан. Харин SKY Residence орон сууцны хороолол өнгөрсөн жил баригдахдаа аюулгүйн нормыг даваж баригджээ.
Өөрөөр хэлбэл тус ШТС-ын стандарт нормын дагуух зай талбайд барилга барих зөвшөөрөл гаргуулж, галын аюултай бүсэд иргэдийн амьдрах орон сууц барьсан байна. Ингэхдээ оршин суугчидад “Энэхүү ШТС удахгүй нүүнэ” хэмээн байраа зарсан байдаг.
-МӨН ШТС-УУД ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ГАЗРЫН ХЭМЖЭЭГЭЭ ДАВУУЛАН БАРЬСАН ТОХИОЛДОЛ Ч БИЙ-
Бид энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч /газрын тос, хийн/ хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос тодруулахад, "SKY Resedence" орон сууцад оршин сууж буй иргэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад тус барилгыг ШТС-ын галын аюулгүй байдлын хэмжээнээс найман метрээр давуулсан. Мөн иргэдэд "Хажууд нь байрлах Шунхлай ХХК-ийн ШТС удахгүй нүүнэ" хэмээн худалдаа хийж буй асуудал үүссэн. Оршин суугчид удаа дараа гомдол гаргаж бид асуудлыг шалгасан хэдий ч анхнаасаа нийслэлээс зөрчилтэй газар олгосон учир энэ мэт асуудал тодорхой шийдвэрт хүрдэггүй. Энэ төрлийн зөрчил ч нэмэгдсээр байгаа.
Нийслэлийн хэмжээнд ШТС-ын галын аюулгүй байдлыг ханаагүй барилга олон байна. Мөн ШТС-ууд зөвшөөрөл авсан хэмжээнээсээ газраа давуулан барьсан тохиолдол ч баггүй бий. Иймд Нийслэлээс газар олгохдоо энэ асуудалд анхаарах шаардлагатай байна" гэсэн юм.
Иймд бид энэ мэт барилга болон газар олголтын журам зөрчиж барьсан ШТС-ууд олноороо галын аюултай баригдаж буй нь иргэдэд аюултай байж болзошгүйг анхааруулж энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.