Жагсаалчдыг "органик, органик бус" гэж ангилж, Нүүрсэнд МАН-аас Б.Цэрэнпунцаг нар, АН-аас Д.Адъяасүрэн нар нэр холбогдож магадгүй байна

Жагсаалчдыг "органик, органик бус" гэж ангилж, Нүүрсэнд МАН-аас Б.Цэрэнпунцаг нар, АН-аас Д.Адъяасүрэн нар нэр холбогдож магадгүй байна

Өнгөрсөн долоо хоногийн Ням гараг /2022.12.04/-т эхэлсэн “Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцохыг шаардсан цуглаан, өдөр бүр 3-5 мянган иргэнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болон хувирсан нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв.

-ЖАГСААЛД ОРОЛЦОЖ БУЙ ИРГЭДИЙГ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ ИРСЭН ОРГАНИК, БУСДЫН ДААЛГАВРААР ОЧСОН ОРГАНИК БУС ГЭЖ АНГИЛЖ БАЙНА-

Харин жагсаалд оролцож байгаа иргэдийг органик ба органик бус гэж ангилж болохоор харагдаж байна. Тухайлбал, үнийн өсөлт, улс орны өнөөгийн дорой байдал, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй иргэд өөрсдийн итгэлд үнэмшлээрээ ирж “органик”-аар оролцож байгаа бол, нөгөө талд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлогын улмаас хуулийн байгууллагад шалгагдаж буй хүмүүс ч Засгийн газрыг тараахаар бусдыг турхирч, жагсаалд хүч өгч, хүмүүсийг “органик бус”-аар  жагсаалд оролцуулж байж магадгүй байна.

Тодруулбал, Хөгжлийн банкны асуудлаар шалгагдаж байгаа хэсэг, Тавантолгойн нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүс ч иргэдэд мөнгө өгч жагсаалд оролцуулах, халуун аарц, цай тараах гээд жагсаалын ирцэд нөлөөлж байж болзошгүй юм. Мөн Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн зайсан дахь газар, сургуулийн нэрийн асуудал Нийслэл болон Боловсролын яамтай маргаантай буй. Иймд тус сургууль багш, оюутнууддаа тус жагсаалд оролцуулсан байж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм. Цаашлаад зарим эх сурвалжууд, “тус жагсаалд гаднаас нөлөөлж байна” хэмээн хардаж байгаа юм.

-МАН, АН-ААС “НҮҮРСНИЙ ГЭХ ХЭРЭГ”-Т ХЭД, ХЭДЭН ХҮН ХОЛБОГДОЖ МАГАДГҮЙ-

Жагсаалын гол лоозон нь “Нүүрсний хулгайчид”-ын нэрийг зарлаж, тэдэнд хариуцлага тооц гэж байгаа юм. Мөн жагсаалд оролцож байгаа зарим иргэдийн дунд “Нүүрсний хулгайчдад алдсан 130 сая төгрөгөө олж авна” гэх хэсэг ч байна. Харин жагсагчид нүүрсний хэрэгт холбогдсон хилийн цэрэг, гааль, авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс тавантолгойн алба хаагчдын шалгалтад “жижиг загас”-аар оролдлоо хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Товчхондоо, олны танил улс төрчдийг нүүрсний асуудалд холбогдуулан шалгаж, нэрийг нь зарлахыг шаардаж байгаа юм. Харин гэм буруутай этгээдүүдийн нэрийг зарлах болоогүй, учир нь шүүх гэм буруутай эсэхийг тогтоох ёстой.

Тэгвэл нүүрсний асуудалд МАН, АН-аас хэд, хэдэн улс төрчид нэр холбогдож магадгүй байна. Тухайлбал, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Цэрэнпунцаг, Ч.Ундрам, Б.Дэлгэрсайхан нар, Засгийн газрын гишүүдээс Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар холбогдож магадгүй бол, АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Адъяасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нар шалгагдаж магадгүй байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Цэрэнпунцагийн эзэмшдэг “Аспайр майнинг лимитед” компани нь “Овоот”-ын коксжих нүүрсний орд болон Жилчигбулаг, Нүүрстэй, Мянганы нүүрсний төсөлд хувь эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос” ХХК, “Ундрах говь” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК, “Монзол” ХХК тэргүүтэй нүүрсний чиглэлийн компаниудтай аж. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг  эзэмшиж тус боомтоор нүүрс гаргахаар болоод буй гэдэг. Тэгвэл Засгийн газрын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компаниуд Өмнөговь аймагт нүүрсний лиценз эзэмшиж, нүүрс тээвэрлэдэг гэдэг. Харин Т.Аюурсайханы хувьд тэрээр Б.Ганхуягийг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал байх хугацаанд "хөрөнгөжиж" амжсан гэдэг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууцад оруулсан Тавантолгойн нүүрсний офтэйк гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж магадгүй бол, УИХ-ын дарга асан З.Энхболд Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүрс боловсруулах үйлдвэр барьсан “Страто” ХХК-тай холбогдож магадгүй байна.

Тэгвэл АН-аас УИХ-д сонгогдсон Д.Адъяасүрэн гишүүн нүүрс тээврийн асуудлаар шалгагдаж магадгүй. Учир нь тэрбээр нүүрсний автомашинууддаа “С” зөвшөөрөл авах гэж авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж байсан нэгэн. Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниуд төмрийн хүдэр, нүүрс буулгаж, ачих талбайтай гэдэг. Энэ үүндээсээ тэрбээр шалгагдаж магадгүй. Мөн УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн 20 орчим хувийг эзэмшдэг. Харин “Тавантолгой” ХК-ийн голын мөргөцөг хулгайлагдсан гэх асуудал олны анхааралд ороод байгаа юм. Товчхондоо, зургаа дахь өдрөө үргэлжилсэн “Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал, тэдний шаардаад байгаа “нэр холбогдож магадгүй” албан тушаалтнуудын мэдээлэл ийм байгаа бөгөөд цаашаа олон хүний нэр гарч магадагүй. Харин нөгөө талд Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Авто тээврийн үндэсний төвийн дунд шатны албан тушаалтнууд “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдон шалгагдаж магадгүй байна.