СУРВАЛЖИЛГА: “Нүүрсний хулгайн дуулианаар “Жижиг тавантолгой”-г төрд авахаар санаархаж байна” /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: “Нүүрсний хулгайн дуулианаар “Жижиг тавантолгой”-г төрд авахаар санаархаж байна” /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайн бүлэглэлтэй тэмцэх болно” гэдгээ мэдэгдэж, уг ажлын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоож, нэр бүхий хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгаа.

ВИДЕО: 

“Нүүрсний хулгай” чухам хаана гарав, хэн, хаанаас хэдэн мянган тонн нүүрс хэрхэн хулгайлав гэдэг  албан ёсны мэдээлэл өнөөдрийг хүртэл гараагүй байна. Харин олон нийт цахим сүлжээнд нүүрсний хулгайчдыг өөр өөрсдийн өнцгөөр таамаглан мэдээлж, төөрөгдөл үүсгэх болсон. Тухайлбал одоогоос нэлээд олон жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон. Уг асуудлыг шалгуулахаар 2018 оны гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандсан. 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй” хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл нүүрсний хулгай гэх сэдэвтэй зэрэгцэн эл асуудал дахин олны анхааралд ороод байгаа. Тиймээс бид УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэлсэнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 268 мянган тонн нүүрс, мөргөцөг алга болсон уу, эл хэрэг хэрхэн шийдэгдсэн, өнөөдрийн яригдаад буй нүүрсний хулгай эл асуудалтай холбоотой юу гэдэг асуултын хариулт эрлээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон гэх хэргийг АТГ, Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг арав гаруй байгууллагын алба хаагчдын хамтарсан баг гарч шалгажээ.

“Таван толгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг аж. Нарийвчилбал, 49 хувийн 16.9 хувийг “Шандас импекс” ХХК, 19.7 хувийг “Ажнай корпорац” ХХК, бусад 12.4 хувь нь гадаадын 23 орны 2300 орчим иргэний эзэмшилд байдаг байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд хувийн өмчит “Энержи ресурс” ХХК, 0.4 хувьд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулдаг аж.

-МӨРГӨЦӨГ БҮХИЙ ХАНА НЬ НУРАЛТ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙСНЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТОГТООСОН УЧИР ХӨРС ХУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ-

"Тавантолгой" ХК-ийн уурхайн ашиглалтын талбай

“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхай хилийн цэгийг нарийн тогтоох үед хоёр компанийн уурхай нэг талаараа мөргөцөг хэсгээр тусгаарлагдсан байна. Харин олборлолтын явцад мөргөцөг бүхий хана нь нуралт үүсэх эрсдэлтэй болсон байсныг мэргэжлийн байгууллагаас тогтоосон учир хоёр компани хоорондоо ярилцаж байгаад хамтарч, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Улмаар уурхайг зааглаж байсан ханыг нураахад гарсан 268 мянган тонн нүүрсэнд “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК акт үйлдэж, тус нүүрсний 63 мянган тонн нь цэвэр коксожсон нүүрс гэж үзэж, “Тавантолгой” ХК “Эрдэнэс тавантолгой” ХК-д эргүүлэн өгөхөөр болсон байна. Харин 203 мянган тонн нь саажсан, исэлдсэн, сул коксжих буюу чанарын шаардлага хангаагүй нүүрс болохыг тухайн үед хоёр компанийн маркшейдерийн баг гараад дүгнэсэн нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Тиймээс ч эл асуудлыг хуулийн байгууллагаас хэрэг биш, хоёр уурхайн технологийн асуудал хэмээн хэргийг хаасан байна. Харин өдгөө “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д 58 мянган тонн коксожсон нүүрс өгөөд байгаа аж. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүн асан Л.Энхболд улстөржүүлснээс үүдэж, дээрх хоёр компанийг эдийн засгийн алдагдалд оруулсан гэхэд нэг их хилсдэхгүй юм.

-П.МӨНХТУУЛ: УУРХАЙГААС НҮҮРС ХУЛГАЙД АЛДАГДАХ, МӨРГӨЦӨГ АЛГА БОЛОХ ЯМАР Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ-

“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал П.Мөнхтуул

“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал П.Мөнхтуул “УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нүүрсний хулгай гэх асуудлыг гаргаж ирсэн. Энэ нь зөвхөн хоёр компанийн хоорондын маргаан төдий асуудал байсан. Түүнээс уурхайгаас нүүрс хулгайд алдагдах, мөргөцөг алга болох ямар ч боломж байхгүй. Энэ асуудал анх сөхөгдөх үед АТГ, ЦЕГ, Сангийн яам, ТЕГ зэрэг 10 байгууллагын хамтарсан баг хоёр жил гаруйн хугацаанд шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг хаагдсаныг албан ёсоор мэдэгдсэн. Хулгайд алдагдсан нүүрс гээд байгаа нь хоёр уурхайн технологийн асуудал байсан” гэдгийг тодотгосон.

Тэгвэл “Тавантолгой” ХК-ийн борлуулалтын логистикийн албаны чингэлэг тээврийн менежер А.Алтангэрэлээс “Хил гаалийн мэдээлэл зөрсөн, хоосон машинаар ихээхэн хэмжээний нүүрс хууль бусаар гаргасан гэх мэдээлэл байдаг. Үнэхээр хил, гаалиар тэр олон тонн нүүрс гаалийн ямар ч бүрдүүлэлтгүй гарах боломж эсэхийг лавлахад “Манай уурхайн борлуулалт ам нөхцөлөөр буюу уурхай дээрээсээ шууд борлуулалт хийдэг. Тийм болохоор тээвэрлэлтийн хувьд 100 хувь худалдан авагч тал хариуцдаг гэсэн үг. Хоёр улс дамнасан логистикийн асуудлыг хилийн цэрэг, гааль гээд төрийн олон байгууллагын хараа хяналт дор гүйцэтгэдэг гэж ойлгодог. Тэр ч утгаараа хууль бус зүйл байхгүй гэж ойлгодог. Манай компани оролцох ямар ч боломжгүй” гэлээ.

-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭД: “ТАВАНТОЛГОЙ”-Г НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭХ АСУУДЛААР СЭВЖ, ТӨРД АВАХЫГ САНААРХАЖ БАЙНА-

"Тавантолгой" ХК-ийн уурхайн ашиглалтын талбай

Харин Өмнөговь аймгийн иргэд “Төр өнгөтэй өөдтэй болгоныг өөрийн болгож, булааж авдаг боллоо. Төрд очсон бүхэн ашигтай ажиллаж байхыг мэдэхгүй. Гэтэл орон нутгийн өмчит “Тавантолгой”-г нүүрсний хулгай гэх асуудлаар сэвж, төрд авахыг санаархаж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК гэх том уурхай байгаа. Гэтэл үүний үр шимийг ард түмэн хүртэж чадахгүй байхад ахиад жижиг “Тавантолгой”-г авахаар санаархаж байгаа нь утгагүй асуудал. “Тавантолгой” ХК орон нутгийн өмчит болон хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа учраас л ашигтай ажиллаж, улсын болон орон нутгийн төсвийг бүрдүүлж байна” гэдгийг онцолж байлаа.

Ямартай ч Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаа, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг арав гаруй байгууллагын алба хаагчдын хамтарсан баг 268 мянган тонн нүүрс алга болсон гэх хэргийг шалгаж, эцэст нь энэ нь “нүүрсний хулгай биш юм байна” хэмээн хэргийг хаасан. Гэтэл өдгөө энэ асуудлыг дахин сөхөж байгаа нь олны анхаарлыг жинхэнэ хулгайчдаас холдуулах гэсэн башир арга уу, эсвэл  нэгэнт шалгаад эцэслэсэн эл асуудлыг дахин шалгах нэрийдлээр орон нутгийн өмчийг төрийн нэрээр булаах нь уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.