Жагсагчид: Нүүрсний хулгайчдыг зарлахыг зөндөө хүлээлээ, одоо цаг нь болсон. Хүлээж чадахгүй

2022-12-07 15:05

"Нүүрсний хулгай"-н асуудлаар байгуулагдсан ЗГ-ын ажлын хэсэгт жагсагчдаас 100 хүн орох ёстой гэв

Өнгөрөгч Ням гараг /2022.12.04/-т эхэлсэн жагсаалыг өнөөдөр зарим иргэд дөрөв дахь өдөр нь үргэлжлүүлж байна. Эдгээр иргэд улсын төсвийг бүрдүүлэх ёстой нүүрсний орлогын 44 их наяд төгрөгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Тэгвэл жагсагчидтай өнөөдөр /2022.12.07/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уулзлаа. Тэрбээр, “Нүүрсний хулгай” асуудалтай холбогдуулж Засгийн газраас гарсан ажлын хэсэг дээр нэмж, жагсаалд оролцож буй иргэдээс 100 хүнээс ажлын хэсэгт орохыг урьсан юм. 

2022-12-07 14:58

Жагсагчид: Нүүрсний хулгайчдыг зарлахыг зөндөө хүлээлээ, одоо цаг нь болсон. Хүлээж чадахгүй

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлахыг шаардаж, иргэд дөрөв дэхь өдрөө Төв талбай дээр жагсаж байна. Тэгвэл яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордны гадна жагсагчидтай уулзлаа.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл, жүжигчин У.Цогтбаяр "Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя, ах аа. Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаач. Та ард түмэнтэйгээ хамт гэж хэллээ. Тийм юм бол битгий нуу, битгий ерөнхий ярь. Та нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго. Ард иргэд олон хоног хүлээлээ" гэлээ.   

Мөн жагсагчид "Улстөрчид индэр дээр өөрсдийн хүнээ гаргаж, яриулаад биднийг хуурч болохгүй. Ард түмэн үнэний төлөө жагсаж байна. Үүнийг өөрсдийн төлөө жагсаал болгож болохгүй. Бидний ирээдүй үнэхээр бүрхэг харагдаж байгаа учир бүгд энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй" гэв.