БАЙР СУУРЬ: Жагсаал "амьд" байсан. Хамгийн чухал нь нүүрсний хулгайчдыг ил болгож, хариуцлага тооцох ёстой

БАЙР СУУРЬ: Жагсаал "амьд" байсан. Хамгийн чухал нь нүүрсний хулгайчдыг ил болгож, хариуцлага тооцох ёстой

Эрх баригчдаас шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал гурван өдөр үргэлжилсэн. Жагсаалын хоёр дахь өдөр нийгмийн эмх замбараагүй байдал бий болж, Төрийн ордон руу нэвтрэх гэж оролдох, Сүхбаатарын талбайд байрлуулсан модыг шатаах зэрэг үйлдлийг гаргасан. Иргэдийн хувьд үнийн өсөлт, амьдралын чанарын бууралт, улстөрчдийн төрөөс хулгай хийхийг эсэргүүцэж ийнхүү жагссан юм. Жагсаалын үр дүнд "Тогтолцооны өөрчлөлт хийх"-ээр болж иргэдийн шаардсан шаардлагын дагуу ажиллаж эхлээд буй. Тэгвэл уг жагсаалын үеэр тавьсан шаардлагыг хэрхэн хүлээж авч байгааг мөн Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах нь зөв эсэхээр зарим УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонслоо. 

ВИДЕО: 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Жагсаал "амьд" байсан. Юм нь илэрчих гээд байгаа хүмүүс тэвдсэн учраас өдөөж турхирсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Түүнээс агуулга бүхэлдээ "амьд" байсан. "Хулгайчдаа зарла, хариуцлага тооц" гэдэг шаардлагыг тавьсан. Би үүнтэй санал нэг байгаа. Аль эртнээс л би ярьж байсан. Ер нь парламентын засаглал бол манай ардчиллын баталгаа. Муу ч, сайн ч олонхоороо шийддэг, олон ургалч үзэл уралддаг. Парламентын засаглал хоёр үндсэн чиг, үүрэгтэй. Тодруулбал, хууль тогтоох, төлөөллийн байгууллага. Төлөөллийн байгууллага биднийг төлөөлж, бидний дуу хоолойг илэрхийлэхгүй байна гэдэг чадамжийн асуудал яригдаж байгаа. Тиймээс парламентын засаглалаа боловсронгуй болгоод явах ёстой. Гэхдээ үүнийг далимдуулж "Парламентгүй болчихье, нэг хүний засаглал руу орчихье" гэдэг санаархлыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Эргэн тойрны улсуудаа хар. Нэг хүний засаглалтай улсад хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ч байхгүй болдог юм. Сайн ч, муу ч бид нар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа. Энэ Засаглал муугаа шүүрддэг. Үеийн үед парламент сайн нэртэй байгаагүй юм. Сайн нэр зүүдэг газар ч бас биш. Төлөөлөгч бид нар ард түмний хоолой болж хуулийн хулгай хийдгээ болих, хулгайч хүмүүс нь орж ирдэггүй байх нь ард түмний шахалтаар явж байгааг би дэмжиж байна.  

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН: Жагсагчдын шаардлагыг бид мэдэрч байгаа. УИХ-д хариуцлагагүй байдал бий. Хамгийн гол нь шат, шатандаа ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй, нийслэл ч ажлаа хийх хэрэгтэй. Иргэдийн тавьж буй шаардлага нь тодорхой. Тодруулбал, "Хариуцлага тооц, ажлаа хий" гэж байгаа. УИХ, намын бүлгээс ч "хариуцлага тооцох" ёстой гэсэн саналтай байгаа. Иргэдийн хувьд ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэйгээ хариуцлагаа тооц л гэж байгаа. Засгийн газарт бүх эрх мэдэл нь бий. Хариуцлагагүй ажиллаж буй хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ УИХ, Засгийн газар огцорч, тарж болно. Гэхдээ явж, явж нэг л зүйл дээр төвлөрч буй нь тогтолцоо шүү дээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: Жагсагчдын шаардлагууд бол ганц өдөр бий болсон зүйл биш. Бас ганц нүүрстэй холбоотой ч юм биш. Үнэхээр ард түмний амьдрал туйлдаж байна. Болж, бүтэж байгаа зүйл алга. Иргэдийн хармаа хоосорч мөнгөний ханш унах нь амьдралд нь хүндээр тусч байгаа. Импортын бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Ард иргэд чинь туйлдаж байгаагийн дээр нүүрсний асуудал нэмэгдсэн. Аргаа бараад жагсаж байна. Ард иргэдийг "Бүсээ чангал, хэмнэлт хий" гэж хамаг тэтгэвэр тэтгэмжийг нь хасч, цалинг нь нэмэхгүй байж өөрсдөө олон их наядар нь нүүрсний хулгай хийж байна гэдэг бол үнэхээр гал дээр тос хийсэн үйлдэл болсон. Сөрөг хүчин гэхээрээ бүх зүйлийг турхирч болохгүй. Тиймээс бид үүнд хүлээцтэй хандсан. Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулах шаардлагыг УИХ-ын даргад өчигдөр /2022.12.5/ өгсөн. Энэ дагуу маш яаралтай нээлттэй сонсголыг явуулах шийдвэрийг гаргаж, ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалж, сөрөг хүчнээс би болон Т.Доржханд нарын гишүүд багтсан. Үүнийг л хурдхан шиг нээлттэй хэлэлцэхгүй бол ард иргэд "Бүгд хулгайчид" гэж ойлгож байна.  Нүүрсний хулгайч гэж хэдэн хүний нэр зарласан. Тэд нар бол зүгээр л гүйцэтгэгчид. Тэдний ард эрх мэдэлтнүүд буюу УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон л байгаа. Тэр эрх мэдэлтэй хүмүүсийн нэр ил болчхоор Засгийн газраас эхлээд бүх зүйл сууриараа ганхах гээд байна. Гэхдээ нүүрсний хулгайн асуудлыг мухарлах ёстой. Түүнээс Засгийн газар огцорч, УИХ тарах нь явцгүй шийдвэр. Тэгэхийн тулд бид яаралтай ажиллаж нүүрсний хулгайчдыг ил болгон хариуцлага тооцох ёстой. Тэр хүмүүстээ хариуцлага тооцдог Засгийн газар, УИХ юм уу харъя. Эхлээд тэр хүмүүстээ шударгаар хариуцлага тооцож чадах нь уу харъя. Тэгэхгүйгээр зүгээр ажиллаж байгаа байгууллагын үйл ажиллагааг бужигнуулах шаардлагагүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГ: Тогтолцоог өөрчлөх нь дараагийн асуудал. Хамгийн эхэнд ард иргэдийн шаардаж буй шаардлагыг биелүүлж нүүрсний хулгайчдыг ил болгож, хариуцлага тооцох хэрэгтэй. Бүлгийн хурлаар УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах асуудлаар яриагүй. Нүүрсний хулгай бол Төрийн өмчийн компанитай л холбоотой асуудал. Төр яах гэж энэ компанийг өмчлөөд байгаа юм. Ард түмэнд нь хувьцааг нь өгдөг, өмчийн эзэн байх эрхийг нь эдлүүлэх хэрэгтэй шүү дээ. Хууль эрх зүйн бүрэн боломж нь бий шүү дээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР: Залуучуудын шаардлага бол маш зөв. Ялангуяа төрийн хулгай, Тавантолгойн хулгай, Хөгжлийн хулгай, ЖДҮ-ийн хулгай, Хадгаламж банкны хулгай гэх мэтчилэн маш олон хулгай байна. Аль болох хуулийн хүрээнд хурдан шийдэх нь зөв. Мөн шийдэх гарцыг зөв гаргах ёстой. Хулгай нь ямар хэмжээтэй юм, яаж шийдэх юм гэх. Гадны улс орнуудад ямар нэгэн банкнаас зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан бол эрүүгийн хариуцлагатай байдаг. Авлига, хээл хахуулиас ангижрах хоёр л арга байна. Нэгд, хариуцлага тооцох, хоёрт, цахимжуулах. Уул уурхайн бирж ашиглалтад орвол нүүрсний хулгайгүй болно. Засгийн газар энэ ондоо багтаад сонгуулийн болон тогтолцоог шинэчлэх ажлыг хийж эхлүүлэх байх. УИХ тарах уу, үгүй юу гэдэгт гол асуудал нь байгаа юм биш. Гол асуудал тогтолцоондоо байна.