Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.
Улмаар энэ жилийн шагналыг хэнд олгохыг ирэх даваа гарагт /2022.11.21/ зарлана. Харин шагналын эзний нэрийг журмын дагуу ихэд нууцалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Энэ жил “Чингис хаан” одонг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд хүртээхээр болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.
Иймд бид энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Өчигдөр /2022.11.16/ оройноос эхлэн Б.Болдсайхан эмчид “Чингис хаан” одонг гардуулна” гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Журмаараа ирэх долоо хоногт “Чингис хаан” одонг хэнд олгохыг зарлана. Нууцын зэрэглэлд байгаа учраас одоогийн байдлаар уг одонг хэнд олгох нь тодорхойгүй. Тодорхой болсон цагт ЕТГ-ын дарга олон нийтэд зарладаг журамтай” гэлээ.