"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын Хулангийн шанд зөрлөгт энэ оны есдүгээр сарын 28 /2022.09.28/-ний өдөр галт тэрэгний зүтгүүр, 17 вагон замаас гарч унасан ноцтой хэрэг гарсан.
Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс "Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүртэй галт тэргээр машинч Х, туслах машинч Ц нар 17 вагонтой аялалд гарсан байна. Гэвч тус галт тэрэг Хулангийн шанд зөрлөгөөс гуравдугаар зам руу орох үедээ замаасаа гарч, осолдсон байдаг. Тэгвэл тус ослын албан ёсны дүгнэлт гарчээ.
Уг ослын дүгнэлтэд "Зүтгүүрийн бригад нь зүтгүүрийн бүхээгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар галт тэрэгний хурдыг хэтрүүлснээс осол гарах шалтгаан болсон. Мөн ослын улмаас нэг вагон сүйрч, дахин ашиглах боломжгүй болсон" гэжээ.
Тодруулбал, ослын дүгнэлтэд
- Зүтгүүрийн бригад нь зүтгүүрийн бүхээгт согтууруулах ундааны зүйл хэрэглэж зүтгүүрийн жолоодлогыг удирдаагүй,
- 60 км/цагаар тогтоосон галт тэрэгний хурдыг 122 км/цаг хүртэл хэтрүүлсэн,
- Хулангийн шанд зөрлөгийн өртөөний заагт байршуулсан зөөврийн улаан дохиогоор 117 км/цагийн хурдтай орсон нь галт тэрэг замаас гарах шалтгаан болсон,
- Ослын улмаас нэг вагон нь засварлах боломжгүй болсон вагоныг “сүйрэл” ангиллаар “Монголиан транс ложистик” ХХК-д тооцож, бүртгэхээр болсон гэжээ.
-ГАЗАРТ УНАСАН ВАГОНЫ ЗҮТГҮҮР ТЕХНИКИЙ ХУВЬД ХЭВИЙН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-
Харин дүгнэлтэд Вагоны зүтгүүр нь техникийн хувьд хэвийн байсан гэж дүгнэжээ. Тодруулбал, зүтгүүр нь төлөвлөгөөт засварт орсон байдал, техникийн үзлэг, зүтгүүрийн бригадын үзлэг, ослын дараах техникийн үзлэг, илчит тэрэгний журнал зэргээр нотлогджээ.
Мөн тухайн галт тэрэгний бүрэлдэхүүнд байсан вагонуудын техникийн байдал хэвийн бөгөөд вагон замаас гарсан нь вагоны техникийн байдлаас шалтгаалаагүй нь вагонуудад үзлэг хийсэн акт, галт тэрэгний ачилтын цахим бүртгэлээр нотлогдсон байна.
Түүнчлэн замын далангийн хажуу руу унасан зүтгүүрийн 2 тэргэнцрийн бүх хос дугуйн дэл болон өнхрөх гадаргуу нь ямар нэгэн гэмтэлгүй байгаа нь уг зүтгүүр зөрлөгийн тэгш бэлчрийн суман шилжүүлгүүдийн хажуугийн бэлдсэн замналаар буюу зөрлөгийн 3 дугаар замаар орсон болох нь газар дээр нь хийсэн үзлэг, баримт материалуудаар тогтоогдож байна.