“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган өнөөдөр /2022.11.14/ төрийн ордонд боллоо.
Үүнийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Чуулганы нээлтийн үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар, "Гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд дунджаар 5,000 хүнийг баривчлах шийдвэр тогтоол гарч, шийтгэлийг эдлүүлж байгаа. Энэ тоо буурахгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга барил, хандлагаа өөрчлөх, сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх ажилдаа анхаарах хэрэгтэй. Өдрөөс өдөрт залуу гэр бүлтэй харилцах хамтарсан багийн үйлчилгээг сайжруулж, эерэг хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй" гэлээ.
Мөн "Одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд баривчлах шийтгэл ихэвчлэн ногдуулж байна. Монгол төрийн эцсийн зорилго нь гэр бүлийг салгаж, сарниах юм уу, эсвэл гэр бүлийн тогтвортой байдлыг хангах уу гэдэг нарийн заагийг төрийн бодлого дээр гаргаж ирэх шаардлагатай байна. Эхнэр нь дуудлага өгөөд нөхрөө баривчлуулсан гэр бүл цаашдаа тийм ч таатай харилцаатай явахгүй л байх. Тиймээс дуудлага мэдээлэл өгөх хүртэлх харилцаан дээр бид ач холбогдол өгөх ёстой” гэв.