С.Одонтуяа: Хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг нягтлан үзэж, зөрчлүүдийг арилгаснаа танилцуулах арга хэмжээ авч ажиллахыг Х.Нямбаатараас хүсэж байна

С.Одонтуяа: Хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг нягтлан үзэж, зөрчлүүдийг арилгаснаа танилцуулах арга хэмжээ авч ажиллахыг Х.Нямбаатараас хүсэж байна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хүний эрх, эрх чөлөөний асуудлаарх НҮБ-ын дүгнэлтийг танилцуулж мэдээлэл хийлээ.

ҮЗЭХ:

Тэрбээр, “НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг Монгол улсад 2022 оны 10 дугаар сарын 3-14-ний өдрүүдэд албан ёсоор ажилласан. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд:

  • “шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал онцгой тохиолдол гэхээсээ илүү жирийн үзэгдэл хэвээр байгаа, мөн иргэдийг цагдаагийн байгууллагад хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг байдал хэвшмэл байгаа”,
  • “эрүүгийн мөрдөн байцаагч, прокурорууд асар их, хяналтгүй эрх мэдэл эдэлж байхад талуудын эрх тэгш байдлыг үл тоомсорлон шүүгдэгчдэд зохих хууль эрх зүйн журмын бүхий л баталгааг хангаж өгөхгүй байгаа нь санаа зовоож байна”,
  • “хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлахад ашиглагдаж болзошгүйд анхаарал хандуулж байна”,
  • “2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн”,
  • “мөрдөн байцаагч, прокурор нарыг хянан шийдвэрлэсэн хэргийнх нь тоогоор өрсөлдүүлж, сар бүрийн эцэст “ялагч”-ийг зарлаж, цалингийн болон бусад урамшуулал өгдөг практик тогтсон байна”,
  • КОВИД-19-ийн тархалт зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед авч хэрэгжүүлж буй яаралтай арга хэмжээг үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад ашиглах ёсгүйг онцолж байна” зэргээр олон ноцтой асуудлууд байгааг дурджээ.

Тиймээс тус дүгнэлтийн дагуу хэрэгжүүлэх ажлууд болон Засгийн газраас аливаа хууль, тогтоомжид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, дордуулахгүй байх талаар ямар хууль, эрх зүйн шинэчлэлийг ойрын хугацаанд хийх талаарх мэдээлэл, судалгааг ирүүлэх талаар АСУУЛТ хүргүүллээ.

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ 2023-2027 бодлогын баримт бичигт “Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй̆ илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэхэд төр, засаг хөндлөнгөөс оролцохгүй, хязгаарлахгүй̆ байх талаар эрх зүйн баталгаа бүрдсэн хэдий ч иргэний нийгмийн зарим үйл ажиллагаа, тайван жагсаал цуглааны цагдаагийн байгууллагын зүгээс тасалдуулах явдал гарч байна” хэмээн дүгнэсэн нь анхаарал татаж байна. Ажлын хэсгийн зөвлөмжүүдийн дагуу яаралтай арга хэмжээ авахгүй бол уг дүгнэлт Женевт болох хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэл болон хувирах юм. Ажлын хэсэг тайлангаа гаргаж, эцэслэн баталгаажуулж 2023 оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганд өргөн барих тухайгаа ч дурдсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр монголын хууль хяналтын байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөнийг илрүүлсэн байна. Монгол улс нь Эрх зүйт ёсны индексээр 131 улсаас 51-рт жагсаж байсан. Энэ тайланг Хүний эрхийн зөвлөлийн чуулганд хүргэсний дараа Монгол улсын нэр хүнд унах, үзүүлэлт хойшлох нь тодорхой. Тиймээс гаргаж буй Хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг нягтлан үзэж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, 2023 оны 9 дүгээр сараас өмнө зөрчлүүдийг арилгаснаа танилцуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танаас хүсье" гэв. 




Өнөөдөр могой өдөр

7 цагийн өмнө