“Эрдэнэс Тавантолгой” ХК-д “онцгой дэглэм” тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн /2020.10.26/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Зорилго нь энэ оны арванхоёрдугаар сар /2022.12/-д багтаан 500 сая долларыг төвлөрүүлэх. Гэхдээ энэ хэмжээний долларыг бүрдүүлэх бүдэг ч атугай төлөвлөгөөгүй байгаа нь Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хэвлэлд өгсөн ярилцлагаас нь тодорхой байгаа юм.
Нөгөө талд Засгийн газар 362 дугаар тогтоолыг нэр барьж нүүрсний хулгайн бүлэглэлийг ил болгох ажлыг үе шаттай эхлүүлж буй нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдал харуулж байна. Ерөөс “шалгана шүү” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрт үед зарласан.
-ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-
Нүүрсний хулгайчдыг шалгах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим албан тушаалтан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч мэдээлэл байгаа юм. Систем эндээс задарч хаана хүрч дуусахыг таамаглахад эрт байна. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хоёр албан тушаалтанг шалгаж эхэлсэн нь хэвлэлээр мэдээлэгдэж тодорхой болоод байгаа юм. Тэдний нэг нь Худалдан авах ажиллагааны дарга Б.Отгонжаргал бөгөөд түүнээс мэдүүлэг аваад сулласан сураг байна.
Түүнээс гадна энэ өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хөл, толгойгүй бужигнаан болж бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнгөрсөн баасан гараг /2022.10.29/-аас эхлэн газар, хэлтсийн дарга нарыг сольж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсон хүчин хариуцсан н.Ариунзаяа тэргүүтэй хэд, хэдэн албан тушаалтан ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнээс гадна бүхий л бичиг баримтуудыг нягталж, хуучин удирдлагуудтай холбоотой баримтыг олж авсны дараа тус компанийн үйл ажиллагааг жигдлэх бололтой. Мөн хуулийнхны шалгалтын ажил үргэлжлэх бөгөөд хятадуудтай нийлж нүүрс хулгайлан мөнгийг нь хувьдаа завшсан бүх хүн энэ бүхний эцэст тодорхой болно гэж буй. Тухайлбал, БНХАУ-ын барилгын компани руу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас их хэмжээний мөнгө шилжүүлсэн талаар эхнээсээ УИХ-ын зарим гишүүн яриад эхэлсэн.
Б.Ганхуягийн хувьд бүрэн эрхт төлөөлөгчид бүх ажлаа хүлээлгэн өгснөө мэдэгдсэн. Улс төрийн хүрээнд түүнийг Т.Аюурсайханы хүн гэгддэг. Тиймдээ ч түүнийг явуулж буй асуудал Т.Аюурсайхантай холбогдоно. Энэ хүний хувьд “шударга тав” –ын гишүүдийнхээ адил аль эрт албан тушаалд очих байсан ч Б.Ганхуягийгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үлдээх зорилготойгоор татгалзаж байсан гэдэг. Харин энэ удаа нүүрсний бүлэглэлийг шалгах сургаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад очсон. Гэхдээ түүнийг ч нүүрсний бүлэглэлтэй сүлжилддэг байсныг хүмүүс мэднэ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ нь улс төрийн хамгаалалтыг нь авч хаяж байж Б.Ганхуягийг шалгах гэж байгаа нь тодорхой болов. Мөн одоо МАН-ын аль фракц нүүрсний бизнес дээр очих вэ гэдэг нь ч анхаарал татаж байгаа юм. Цаашлаад энэ утас хөвөрч явсаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний залуустай ч тулж мэдэх тухай яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.