Д.Жаргалсайхан: ГХЯ-аас чиглэл ирүүлэхгүй хугацаа алдсан учраас Тайванийн төлөөлөгчтэй уулзсан

Д.Жаргалсайхан: ГХЯ-аас чиглэл ирүүлэхгүй хугацаа алдсан учраас Тайванийн төлөөлөгчтэй уулзсан

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авалгүй Тайванийн төлөөлөгчтэй уулзаж “нэг цонхны” бодлогыг зөрчсөн нь олны анхаарлыг татаад буй. Холбоотой мэдээллийг ЭНД дарж унших. 

Түүний энэ үйлдлийг Гадаад харилцааны яамнаас тодруулж буй бөгөөд тун удахгүй Консулын газраас мэдээлэл хийнэ гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдсэн. Дээрхээс гадна Д.Жаргалсайхан дарга нь ОХУ-ын тамирчдыг Монголын нэр дээр оролцох хүсэлтийг тавьсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэгвэл энэ талаар түүнээс тодрууллаа.

-ЦААШИД ЧИГЛЭЛ АВЧ БАЙЖ ТАЙВАНЬ УЛСТАЙ ХАРИЛЦАНА-

-Та Гадаад харилцааны “нэг цонхны” бодлогыг сөрж, зөвшөөрөл авалгүй Тайванийн төлөөлөгчтэй хоёр ч удаа уулзсан байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Тайванийн төлөөлөгчтэй хоёр удаа уулзалт хийсэн. Эхний уулзалтын дараа Тайванийн талаас спортын салбарт хамтран ажиллах санамж бичгийн төслийг бидэнд өгсөн. Бидний зүгээс уг төслийг Гадаад харилцааны яам руу явуулаад чиглэл хүлээж байсан. Ингээд Гадаад харилцааны яамнаас хариу ирэлгүй гурван сар гаруйн хугацаа өнгөрсөн учраас бид “Юу болж байна. Яах вэ. Цаашид харилцаа яаж явах юм бэ” гэж асууж байсан.

Хоёр дахь уулзалт болсны дараа буюу өнгөрсөн даваа гаригт Гадаад харилцааны яамнаас чиглэл ирсэн. Чиглэлд “Төрийн зүгээс Тайвантай ямар нэгэн харилцаа үүсгэж болохгүй.

Ер нь биеийн тамир спортын харилцаа, хамтын ажиллагаа зөвхөн төрийн бус байгууллагаар дамжин хэрэгжинэ. Спортын төрлийн холбоод, клуб, биеийн тамирын их сургуулийн шугамаар харилцаа явагдана” гэж дурдсан байсан. Цаашид Тайвань улстай бид энэ хүрээндээ ажиллана. Би спортын салбарын бусад байгууллагадаа энэ чиглэлийг хүргүүлсэн байгаа. Дахин ийм асуудал гарахгүй юм.

-Эхний уулзалтын дараа та бүхэн Гадаад харилцааны яамнаас чиглэл хүссэн ч ирүүлээгүй учраас дахин уулзалт хийсэн гэж ойлгож болох уу?

-Тайванийн талтай уулзсан асуудал дээр ийм процесс болсон. Энэ талаар Гадаад харилцааны яам сайн мэдэж байгаа. Бид хариугаа ирүүлэхийг маш их хүссэн ч цаг хугацаа алдсан. Ингээд дараагийн уулзалт болсон.

-ОХУ-ЫН ТАМИРЧДЫГ МОНГОЛЫН НЭР ДЭЭР ОРОЛЦУУЛАХ ЭСЭХИЙГ СПОРТЫН ХОЛБООД МЭДНЭ-

-ОХУ-ын тамирчдыг Монголын нэр дээр оролцохыг хүссэн хүсэлтийг яагаад та тавьсан юм бэ?

- Миний бие ОХУ-ын Спортын сайдтай долдугаар сарын 28-ны өдөр Владивосток хотноо уулзаж “2022- 2024” оныг хүртэл хамтран ажиллах төлөвлөгөө баталсан. 2018 онд ОХУ-ын Спортын сайд болон манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын байгуулсан гэрээний хүрээнд дээрх төлөвлөгөөг боловсруулсан юм. Үүнд нэлээн олон чиглэлийн заалтууд орсон. Энд ОХУ-ын тамирчдыг Монголын нэр дээр олимпт оролцуулах тухай заалт байхгүй. Бидэнд ч тийм шаардлага байхгүй гэж манай спортын холбоод хэлж байгаа. Тухайн орныхоо тамирчдыг сайн мэддэг учраас хэнийг авч, яаж ажиллуулахаа спортын холбоод нь мэддэг. Бид үүнд оролцохгүй. Спортын холбоод гадны тамирчинг авч шигшээ багт оруулна гэвэл манайхаас харилцаа үүсгэж болно. Түүнээс Биеийн тамир, спортын улсын хорооноос ОХУ-ын тамирчдыг Монголын нэрийн өмнөөс олимп тэмцээнд оролцох санал хүсэлтийг тавьж, яриа хөөрөө хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

- Таны удирдаж буй салбар Засгийн газрын харьяанд байдаг. Тайванийн төлөөлөгчтэй уулзсан асуудлаар танд Засгийн газраас сануулга өгсөн үү?

- Тайванийн асуудлаар би чиглэлээ авсан. Харин ОХУ-тай хамтарсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас сануулсан. Мөн томоохон наадам ялангуяа ОХУ-д болох тэмцээнд явахынхаа өмнө  Гадаад харилцааны яамнаас заавал чиглэл авах ёстой. Бид чиглэлийг авч ном дүрмийнх нь дагуу явж байгаа.




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө