Б.Батцэцэг: БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханы Тайванийн төлөөлөгчтэй уулзсан асуудлыг тодруулж байна

Б.Батцэцэг: БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханы Тайванийн төлөөлөгчтэй уулзсан асуудлыг тодруулж байна

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан энэ сарын 17 /2022.10.17/-ны өдөр Тайванийн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүөтэй уулзаж, Монгол, Тайванийн спортын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг. Мөн тэд үүнээс өмнө долдугаар сар /2022.07.20/-д уулзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  

Харин Хятад, Тайванийн асуудал хурцадмал байгаа энэ үед манай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг дарга Д.Жаргалсайхан нь тус арлын төлөөлөгчтэй ийнхүү удаа дараа уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан нь манай улс "Нэг Хятад" бодлогыг эсэргүүцэж байгаа мэт ойлголтыг БНХАУ-д өгсөн байж болзошгүйгээс гадна нэг цонхны гадаад бодлогыг сөрсөн мэт үйлдэл юм. 

Учир нь "Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг" гэсэн бодлогыг манай улс тууштай барьдаг бол, АНУ зэрэг барууны орнууд "Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ бол Хятадын нэг арал" гэж үздэг. Гэсэн хэдий ч Тайванийн сүүлийн үед явуулж үйл ажиллагаа нь Хятадаас салах бодлого барьж байна гэж шинжээчид тайлбарлах болсон. 

Товчхондоо, Тайвань нь өөрийгөө захирах эрхтэй БНХАУ-ын арал бөгөөд Тайванийн Засгийн газар өөрийгөө БНХАУ-ын Засгийн газар хэмээн нэрийддэг. Энэ утгаараа Монгол Улс Тайванийн асуудалд болгоомжтой хандаж, тус арлын асуудлаар БНХАУ-тай харилцах нь зүйтэй гэж үзэх судлаачид ч цөөнгүй бий. 

Иймд БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй дээрх асуудалтай холбоотой байж болзошгүй нэгэн зүйлийг дөнгөж сая өөрийн цахим хуудаснаа жиргэжээ. Тэрбээр "Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг, "НЭГ ХЯТАД"-ын зарчим олон улсын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчим, дипломат харилцаатай улс орнуудын баримталдаг бодлого ..." хэмээсэн байдаг.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад “Манай улс гадаад харилцааны нэг цонхны бодлоготой. Нэг Хятад бодлогыг дэмждэг. Д.Жаргалсайхан даргын Тайванийн төлөөлөгчтэй уулзсан гэх асуудлыг тодруулж байгаа. Удахгүй Консулын газраас энэ асуудлаар мэдээлэл өгөх байх” гэлээ.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө