ШУУРХАЙ: Д.Жаргалсайхан дарга Тайванийн төлөөлөгчтэй уулзсан нь БНХАУ-ыг хилээ хаахад хүргэж болзошгүй байна

ШУУРХАЙ: Д.Жаргалсайхан дарга Тайванийн төлөөлөгчтэй уулзсан нь БНХАУ-ыг хилээ хаахад хүргэж болзошгүй байна

ОХУ Украин улстай цэрэг дайны нөхцөл байдалтай байгаа бол, БНХАУ Тайванийн арлын хурцадмал байдал үргэлжилсэн хэвээр байна. Харин хоёр хөршийн энэ асуудалд Монгол Улс төвийг сахисан байр сууриа хадгалж байна.  

Учир нь "Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг" гэсэн бодлогыг манай улс тууштай барьдаг бол, АНУ зэрэг барууны орнууд "Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ бол Хятадын нэг арал" гэж үздэг. Гэсэн хэдий ч Тайванийн сүүлийн үед явуулж үйл ажиллагаа нь Хятадаас салах бодлого барьж байна гэж шинжээчид тайлбарлах болсон. 

-Д.ЖАРГАЛСАЙХАН ДАРГА ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УДАА ДАРАА УУЛЗЖЭЭ-

Товчхондоо, Тайвань нь өөрийгөө захирах эрхтэй БНХАУ-ын арал бөгөөд Тайванийн Засгийн Газар өөрийгөө БНХАУ-ын Засгийн Газар хэмээн нэрийддэг. Энэ утгаараа Монгол Улс Тайванийн асуудалд болгоомжтой хандаж, тус арлын асуудлаар БНХАУ-тай харилцах нь зүйтэй гэж үзэх судлаачид ч цөөнгүй бий. 

Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан энэ сарын 17 /2022.10.17/-ны өдөр Тайванийн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүөтэй уулзаж, Монгол, Тайванийн спортын хамтын ажиллагааны талаар санал солилцсон талаар эх сурвалж мэдээлж байна. Тэд үүнээс өмнө буюу энэ оны долдугаар сар /2022.07.20/-д мөн уулзжээ.

Харин Хятад, Тайванийн асуудал хурцадмал байгаа энэ үед манай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг дарга Д.Жаргалсайхан нь тус арлын төлөөлөгчтэй ийнхүү удаа дараа уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан нь манай улс "Нэг Хятад" бодлогыг эсэргүүцэж байгаа мэт ойлголтыг БНХАУ-д өгч цаашлаад эл асуудлаас үүдэн Хятад улс хилээ хаах, манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг зогсоох зэрэг эрсдэлд оруулж болзошгүй байгаа ажээ. 

Түүхийг эргэн сөхвөл, Түвдийн бурхны шашны удирдагч Далай лам 2016 онд Монголд айлчилсан нь Бээжингийн эсэргүүцэлтэй тулгарч байсан удаатай. Тодруулбал, Далай ламын айлчлалын улмаас Монголын ашигт малтмалын тээвэрлэлтэд Хятадын талаас шинээр хураамж ногдуулахын зэрэгцээ дипломат хэлэлцээгээ хойшлуулж, хилийн чухал гарцыг ч хааж байсан юм.

Тэгвэл Хятадын коммунист намын 20 дугаар их хурал болж байгаа энэ үед БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нь Тайванийн төлөөлөгчтэй уулзсан үйлдэл нь дээрх түүхийг давтаж Монгол Улсыг экспорт, импортын эрсдэлд оруулж болзошгүй байгаа ажээ. Учир нь БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханыг Тайванийн төлөөлөгчтэй уулзсан гэх мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам авч, улмаар Биеийн тамир спортын улсын хороонд “Тайванийн асуудалд анхаарал болгоомжтой хандах”-ыг анхааруулсан байж магадгүй байгаа ажээ.