ХҮН: Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуулийн бус аргаар тэмцэнэ

ХҮН: Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуулийн бус аргаар тэмцэнэ

Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчиж, тангараагаас няцсан гэж үзэн, Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-д гомдол гаргаад байсан билээ. 

Тэгвэл тус гомдлыг ҮХЦ-ийн гишүүн н.Солонго үндэслэлгүй гэж үзэн  хэрэг үүсгэхээс татгалзсан учир тус намын удирдлагууд ҮХЦ-ийн бага суудлын хуралдаанд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намын гишүүн Д.Үүрцайх хэлэхдээ, “Үндсэн хуулийн цэцийн гишүүний гаргасан үндэслэлээс харахад бидний гаргасан үндэслэлийг ойлгохыг хүсээгүй эсвэл хэн нэгний нөлөөнд автаж илт тодорхой үндэслэлийг ойлгоогүй мэт тайлбарласан. Ерөнхийлөгчийн гаргасан засаглалын хэлбэрийг өөрчилье гэсэн санал нь шинэ Үндсэн хууль батлах тухай асуудлыг хөндөж байгаа учраас Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн байна гэдгээ дахин нотолж тайлбарлаж Бага суудлын хуралдаанд гомдол гаргаж байна.

Монгол Улсад Үндсэн хуульт ёс, ёс зүйт төр байгаа гэдэгт итгэж найдаж байна. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хуулиудыг уландаа гишгэж цаашид үндэсний эв нэгдлийн эсрэг байвал бид хуулийн бус аргаар тэмцэх болно” гэсэн юм.