Судалгаагаар төрийн зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй, хамгийн их хүнд сурталтай байгаа нь тогтоогджээ

Судалгаагаар төрийн зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй, хамгийн их хүнд сурталтай байгаа нь тогтоогджээ

МҮХАҮТ-аас өнгөрсөн 2021 оны "Хүнд суртлын индекс" судалгааны дүнг танилцууллаа.

Энэхүү судалгааг 2004 оноос хойш хоёр жил тутам явуулж ирсэн, үйлчилгээний хүнд суртлын ерөнхий болон нарийвчилсан дэд үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, цаашид анхаарч сайжруулах асуудлыг тодорхойлдог билээ.

Судалгаагаар Хүнд суртлын индекс 2021 онд 2,72 үнэлгээтэй гарсан, энэ нь бизнес эрхлэгчид 2018 онтой харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихэсжээ.

Шалтгаан нь төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж буй нь тогтоогдсон байна.

Харин төрийн үйлчилгээний цахим е-mongolia нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгсөн байна. Судалгаанд улсын нийт 751 ААН-ийг хамруулжээ. Мөн төрийн үйлчилгээний үндсэн дөрвөн төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй ба хамгийн их хүнд сурталтай байгаа юм. Түүнчлэн хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгджээ.

Тухайлбал, бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авахдаа дунджаар зургаан бичиг баримт цуглуулж, гурван албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргаж байна. Харин судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлсөн байна.

О.Амартүвшин “Зөвшөөрлийн хууль шинээр батлагдсан. Өмнө нь нийт 1400 орчим зөвшөөрлийг төрийн ямар нэгэн байгууллагаас авдаг байсан бол одоо энэ гурав дахин буурсан. Иймд 2023 оны эхний өдрөөс эхлэн төрийн хүнд суртал мэдэгдэхүйц буурна гэж харж байна.

Цагийн хязгаарлалт, онц шаардлагагүй зүйл дээрх олон төрлийн зөвшөөрөл зэргийг цуцалсан. Төрийн хүнд суртлыг бууруулах нь иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа явуулах орон зайг дэмжиж байна л гэсэн үг.

Төрийн үүрэг иргэд, ААН-д үйлчлэх хэрэгтэй. Иргэд, ААН-ийн төлсөн татвараар төр бидэнд үйлчилгээ үзүүлж байгаа учир чирэгдэл бага байх ёстой. Төрийн үйлчилгээний аль хэсэг асуудал их байна тэр хэсэгт илүү анхаарал хандуулж, цахимжуулж, түргэн шуурхай болгох үйл ажиллагаагаа зохицуулан сайжруулахад нь анхаарал хандуулж буй судалгааг гэдгийг онцолмоор байна. Төрийн үйлчилгээний хүнд суртал буурах тусам бизнес эрхлэгчдийн үзүүлэлтүүд сайжирна гэж ойлгох хэрэгтэй” гэв.