"Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ"-г багассан тул талбай бүхэлдээ жагсаал, цуглаан хийх боломжтой болжээ

"Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ"-г багассан тул талбай бүхэлдээ жагсаал, цуглаан хийх боломжтой болжээ

Энэ оны зургадугаар сарын 17-ны өдрийн /2022.06.17/ төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоол гарч улмаар Сүхбаатарын талбайн хойд хэсэг Төрийн ордны нутаг дэвсгэрээс гарч, талбай бүхэлдээ иргэд жагсаал, цуглаан хийх боломжтой болсон байдаг.

Тодруулбал, Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг УИХ тогтоохоор заасан. УИХ-ын 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Монгол Улсын төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг дор дурдсанаар тогтоож байв.

Үүнд:

Монгол Улсын Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, Монгол Улсын Төрийн ордноос урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцох тухай заасан байна. Төрийн ордны нутаг дэвсгэр нь Сүхбаатарын талбайн хувьд Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зайг хамаарч байдаг. Монгол Улсын Төрийн ордоны тухай 11 дүгээр зүйлийн 11.1.4-т төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэхийг хориглосон байдаг.

Харин УИХ-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 37 тоот “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын “1.Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Төрийн ордны баруун, зүүн талын хашаа болон Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын хашаа, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгын бүтээцийн урд хязгаараар тооцож тогтоосугай.”,“5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.” гэж заасан байна.