ВИДЕО: "Төмөртэйн орд”-ыг эргэлтэд оруулахаар төмөр зам, автозам, цахилгааны шугам барьсан “Кью Эс Си” компанид ЗГ-аас нөхөн төлбөр өгөөгүй байна

ВИДЕО: "Төмөртэйн орд”-ыг эргэлтэд оруулахаар төмөр зам, автозам, цахилгааны шугам барьсан “Кью Эс Си” компанид ЗГ-аас нөхөн төлбөр өгөөгүй байна

2010 онд Засгийн газар /ЗГ/-аас Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэн хэрэгжүүлэх тогтоол гарч, улмаар дотоодын “Кью Эс Си” компани шалгарч зургаан үндсэн асуудлын хүрээнд Концессын гэрээ байгуулсан байдаг. Үүний гол ажлуудын нэг нь төмрийн үйлдвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах байсан юм.

Тодруулбал, 2014 оноос хойш тус компани нь Концессын гэрээний хүрээнд 20-30 жилийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж дэд бүтцийн нэн шаардлагатай ажлуудын бүтээн байгуулалтыг хийж дуусгасан ч огт юу ч хийж хэрэгжүүлээгүй мэтээр нийгэмд ойлгуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Кью Эс Си” компанийн концессын гэрээг Засгийн газраас цуцалж үйл ажиллагааг зогсоосон юм. Цуцалсан шалтгаан нь тус компанийг төслийн хүрээнд юу ч хийгээгүй гэх. Иймд бид эл компани "үнэхээр юу ч хийгээгүй юу" гэх асуултад хариулт хайж газар дээрээс нь сурвалжлав.

ВИДЕО:

Улаанбаатар хотоос 400 гаруй км-ын зайд орших Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт гэрээнд тусгагдаад байсан 36.7 км төмөр зам, 95 км авто зам, 50 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ын хүрээнд Кью Эс Си компани хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь тус суманд байрлах “Төмөртэйн орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах асар чухал үүрэгтэй байжээ.

Тодруулбал, "Төмөртэй уурхай" хүртэл 36.7 км төмөр замыг 112 сая ам.долларын өртгөөр Монгол инженер, Монгол гүйцэтгэх компаниар түүхэндээ анх удаа төмөр замын ажлыг “Кью Эс Си” компани хариуцан хийлгэж байжээ.

“Кью Эс Си” компанийн барьсан төмөр зам, авто зам

Түүгээр зогсохгүй асар богино хугацаанд маш хүнд нөхцөлд 2014-2015 оны хооронд буюу нэг жил гаруй хугацаанд барьсан байна. Харин авто замын хувьд тус сумын дулаан ханы дөрвөн замын уулзвараас Төмөртэйн орд хүртэл хүнд даацын хатуу хучилттай авто зам барих төсөл байсан ч гэрээг өөрчилж "барих, ашиглах, шилжүүлэх"-ийг "барих-шилжүүлэх" болгосноор Төмөртэй орд руу биш Хүдэр сум руу чиглэсэн нийт 95 км авто замыг барьж дуусгасан байна. Бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны намраас эхлэн 2017 онд хүлээлгэж өгсөн бөгөөд жил гаруй хугацаанд дуусгасан нь автозамыг ингэж барьж болох юм байна гэсэн сайн жишиг болсон аж.

“Кью Эс Си” компанийн барьсан төмөр зам

Харин энэ талаар “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир өгсөн мэдээлэлдээ, “Бид нарыг энэ олон ажлыг хийчихсэн байхад юу ч хийгээгүй байна гээд үйл ажиллагааг маань зогсоочихсон учраас ажил хурдан явуулж байсан бид нарын хувьд гомдолтой байна. Нөгөө талаараа мэдээж төр өөрөө юмаа цаашаа авч явна гээд хувийн хэвшлээс юмаа авч болох шийдэл гаргаж болно. Тэгэхдээ энэ хугацаанд “Кью Эс Си” компанийн хөрөнгө оруулсан, цаг зарцуулсан зүйлийг хохиролгүй болгох хэрэгтэй. Энэ асуудлаа яриад асуудлаа дуусгачихмаар байна.

Гэтэл юу ч ярихгүй хувийн хэвшлийг алдагдалд оруулж байгаа учраас шүүхэд хандсан байдалтай байгаа. Мөн гэрээнд тусгасан Төмөртэйн ордыг Эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг зүйл байж байгаа. Эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг бол олборлох, баяжуулах, тээвэрлэх, тог татах зүйлсээ хийчхээд эргээд борлуулалтын хийхгүй бол хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж байхгүй. Одоо үйл ажиллагааг зогсоочихсон байхад яаж буцаж эдийн засгийн эргэлтэд орох юм бэ” гэсэн юм.

“Кью Эс Си” компанийн хариуцан бүтээсэн цахилгаан агаарын шугамын хувьд ч 2014 он гэхэд 50 км үргэлжлэх цахилгаан шугамыг татаж хүлээлгэж өгсөн гэх мэт ажлуудыг гэрээний хүрээнд маш хурдацтай шуурхай хийж хэрэгжүүлж байсан ч ийнхүү концессын гэрээг цуцалж хувийн хэвшлийг алдагдалд оруулж байгаа нь шударга бус гэгдээд буй юм. Үүнээс дүгнэхэд “Кью Эс Си” компани нь гэрээний хүрээнд тусгасан төсөл ажлуудыг огт хийгээгүй биш харин ч асар хурдан хугацаанд нөхцөл бололцоог хангаж ажилласан байжээ. Бид дараагийн нийтлэлээр "Кью Эс Си" ХХК-ийн хариуцсан үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш хөрөнгө оруулалтын ашиг болоод дотоодын хэрэгцээг хэрхэн хангаж болох байсан талаар хүргэх болно.