Одоогоос яг есхөн сарын өмнө ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үүнээс хойшхи хугацаанд тэрбээр Их хурал дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардан орилж, бүр “Өөрсдөө өөрчил үгүй бол тар” нэртэй тайван жагсаалыг хүртэл төв талбайд зохион байгуулж байв.
-ТЭРБЭЭР ЭСРЭГ КНОП ДАРАХ ХҮРТЛЭЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРХ БАРИГЧДААС ШААРДАЖ БАЙВ -
Мөн 21 аймгаар явж иргэдийн гарын үсгийг цуглуулан дэмжлэг авсан. Дараа нь тэрбээр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм.
МАН-ынхан түүний шаардлагаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж буй мэтээр жүжгийн үйл явцыг үргэлжлүүлж Төрийн ордонд хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан байдаг.
Гэхдээ яаж ч нуусан өнгөрсөн бүх үйл явдал нь Т.Доржханд МАН-тай нийлж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгааг тодорхой болгосон. Ингээд хүссэн нь Т.Доржхандын хүзүүгээр татаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Цэцийн Их суудлын хуралдаанаас “давхар дээлтэй” холбоотой заалтыг хүчингүй болгон үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаар гаргалаа.
ҮЗЭХ:
Гэтэл Т.Доржханд эцсийн цэгтээ санал хураахад ганцаанаа эсрэг санал өгсөн юм. Гайхах зүйлгүй. Ердөө л МАН бялуугаа хуваахдаа түүний хүссэнийг өгөөгүй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Доржханд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хоёр яамыг ХҮН-д өгөхийг шаардсан байж магадгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ хариуд нь хоёр биш нэг яам өгч болох тухай дуулгахад уурлан хаалгаа савж гараад Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.
Өөрөөр хэлбэл тэрбээр өөрийнхөө хүсч хийсэн мэт харагдуулсан бүхнээ сайдын албан тушаалаас болж кнопоороо үгүйсгэсэн юм. Энэ өдрүүдэд МАН Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгож, маргааш өглөө эртдээ /2022.08.28/ Удирдах зөвлөлөөрөө шинэ сайд нараа дэмжих эсэхээр шийдвэр гаргах гэж байна. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдана. Ингээд мягмар гаригт УИХ-аар шинэ сайд нарыг танилцуулж, үйл ажиллагаа нь явах нь.
МАН дотоод улс төрөө дийлэхгүй үүнээс нь үүдэн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа авч үлдэхийн тулд Цэцэд захиалга өгөн “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгуулаад түүнийх нь дагуу дараагийн ээлжийнхнийг хоолонд нь оруулж байна. Харин үүний дараа намрын ээлжит чуулганаар Үндсэн хуульд оруулах гэж буй бусад асуудлыг тайван ярилцана.