Энэ оны зургадугаар сарын 01 /2022.06.01/-нээс эхлэн БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас хууль бусаар оршин сууж, ажил эрхэлж буй гадаад иргэдийг шалгаж мөрдөх ажлыг эхлүүлээд байсан билээ.
Тодруулбал, зургадугаар сарын 01-нээс долдугаар сарын 31-ны өдөр хүртэл /2022.06.01-07.31/ тус улсад үзвэр үйлчилгээ, массажны чиглэлээр хууль бусаар ажиллаж байсан гадаад иргэдийг эрчимтэй илрүүлж 887 иргэнийг баривчилсан тухай мэдээлжээ. Одоогоор 588 иргэнийг эх орноосоо албадан гаргасан байна.
Үүнээс үндэстний хувьд Тайландын хууль бус оршин суугчид дийлэнхийг эзэлсэн байгаа бөгөөд 527 хүн баривчлагджээ.
- Вьетнам 49
- БНХАУ 33
- ОХУ 12
- Филиппин 11 тус тус байжээ.
Харин Монгол улсын иргэдийн хувьд нийт хүн амтай харьцуулахад харьцангуй их хүн БНСУ-д хууль бусаар оршин суудаг ч энэ төрлийн ажилд төдийлөн оролцдоггүй талаар хэвлэлд мэдээлсэн байна.
Дээрх асуудлуудтай холбогдуулан тус улсын Хууль Зүйн Яамнаас визний хөнгөлөлтийн тогтолцоог далимдуулж гадаад иргэд ихээр хууль бусаар ажиллаж байгаа тул баривчилгааг ашиглан эрсдэлийг таслан зогсоох боломжтой гэжээ. Тиймээс ирэх 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл дахин хоёр сарын хугацаанд хууль бусаар илгээмж хүргэлтийн ажил эрхэлдэг болон такси үйлчилгээнд ажилладаг гадаад иргэдийг илрүүлэхээр шаргуу ажиллах бөгөөд хөдөө аж ахуй улирлын чанартай ажил хөдөлмөр эрхлэхээр ирээд зугтсан гадаад иргэд болон гадаад оюутнуудыг хууль бусаар ажилд зуучилсан газруудыг эрчимтэй шалгах болсноо мэдэгдээд байна. Мөн Чежүд аялал жуулчлалын журмаар очсон Монгол бүлэг жуулчдын 20 нь одоог хүртэл олдоогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар Чежү арал дээр бичиг баримтгүй гадаадын 9000 орчим иргэн байгаа тул тус улсын Хууль зүйн яамнаас Чежүгийн Цагаачлалын албанд визгүй оргон зайлсан хүмүүсийг баривчлах баг байгуулж өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: SBS, Mt.ko, Asiannews