Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн цахим бүртгэл маргааш хаагдана

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн цахим бүртгэл маргааш хаагдана

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5 хувийн ирцтэй байна. 

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21 хувь нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7 хувь нь элсэлтээс татгалзжээ. 

Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17.00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-нийг хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-наас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8-р сарын 10-24-ны хооронд, 9-р сарын 10-25-ны хооронд, 10-р сарын 3-24 хооронд гэхчилэн гурван ээлжээр бүртгэнэ. Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17.00 цаг хүртэл E-Mongolia системээр явагдах ажээ.