Европын хамгийн том цөмийн станц болох Украины Запорожжи станцын талбайн аюулгүй байдалд Европын холбооны орнууд санаа зовниж буйгаа илэрхийлж байна.
Учир нь гуравдугаар сараас хойш Оросын цэргийн мэдэлд орсон тус атомын цахилгаан станцыг Украины ажилчид ажиллуулж байгаа юм.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрөгч Пүрэв гараг /2022.08.18/-т Львов хотноо Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Туркийн удирдагч Эрдоган нартай уулзсаныхаа дараа “түгшүүрийн дохио” зарласан юм. Улмаар “Запорожжи станцад учирч болзошгүй хохирол бол амиа хорлох явдал юм. Энэ байгууламжийг аливаа цэргийн ажиллагааны нэг хэсэг болгон ашиглах ёсгүй” гэж НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш мэдэгдсэн байна.
Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Европын хамгийн том цөмийн станцыг цэрэггүй болгохыг НҮБ-д уриалсан” юм.
Тэгвэл Оросын Гадаад хэргийн яамны Мэдээлэл, хэвлэлийн газрын дэд захирал Иван Нечаев уг уриалгыг няцааж, "Запорожжийг цэрэггүй болгох нь үйлдвэрийг улам эрсдэлд оруулна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC