Япон, Монгол бүжгийн “Сүүн зам” наадам өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Япон, Монгол бүжгийн “Сүүн зам” наадам өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх ажээ.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулах юм.

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ. Тус өдөрлөгт оролцож монгол, япон үндэсний бүжиг, соёлтой танилцах хүсэлтэй иргэд дараах хөтөлбөртэй танилцана уу.