Өнгөрөгч баасан гараг /2022.08.19/-ийн орой Сомалийн нийслэл Могадишу хотын “Хаят” хэмээх зочид буудал руу үл таних зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас дор хаяж 20 хүн амь үрэгдэж, 50 хүн шархадсан байна.
Энэ талаар “Мадина” эмнэлгийн эмч Ахмед Абди, “амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд олон хохирогчдын биеийн байдал хүнд байна” гэж мэдэгджээ. Мөн "Сомалийн аюулгүй байдлын хүчнийхэн “Хаят” зочид буудлын барилга руу нэвтэрч, хяналтыг зэвсэгт этгээдүүдээс эргүүлэн авсан" гэж цагдаагийн хошууч Фарах Хуссейн CNN агентлагт ярьжээ.
Харин “Аль-Каида"-тай холбоотой "Аль-Шабааб" террорист бүлэглэл тус халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн бөгөөд тэдний дайчид барилга руу нэвтэрсний дараа зочид буудлыг эзлэн авч чадсан” гэж цахим хуудсууддаа мэдэгджээ.
Эх сурвалж: CNN