Украиныг сэргээн босгох гэрээнд Турк улс гарын үсэг зурлаа

Украиныг сэргээн босгох гэрээнд Турк улс гарын үсэг зурлаа

Өчигдөр /2022.08.18/ Украин улсын Ерөнхийлөгч В.Зеленский Львов хотноо Турк улсын ерөнхийлөгч болон НҮБ-ын тэргүүнийг хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтын үеэр Туркийн Худалдааны сайд Мехмет Мус, Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков нар мөргөлдөөн дууссаны дараа Украины дэд бүтцийг сэргээн босгоход Туркийг оролцуулах тухай харилцан зөвшилцөлийн санамж бичигт гарын үсэг зуржээ.

Украины дэд бүтцийн яамны мэдэгдэлд “Туркийн тал Украины сэргээн босголтын үйл явцад оролцохыг гэрээнд тусгасан. Туркийн хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулна” гэсэн байна. Мөн Турк улс Хар тэнгис дэх хоолойг хааж, Туркийн агаарын орон зайгаар Сири рүү чиглэх Оросын цэргийн нислэгийг зогсоож, Москвагийн түрэмгийллийг "хууль бус, үндэслэлгүй халдлага" гэж зарласан ч Туркийн Ерөнхийлөгч Путинтэй сайн харилцаатай хэвээр байгаа нь барууны нийслэлүүдийн анхаарлыг татаад байна. Анкара АНУ, ЕХ-ноос ОХУ-д тавьсан дайны хоригт оролцоогүй бөгөөд зөвхөн НҮБ-аас гаргасан хоригийг хэрэгжүүлдэг гэж үзэж байна.

Хоёрдугаар сард дайны түрэмгийлэл эхэлснээс хойш барууны хориг арга хэмжээний улмаас Оросын олигархуудаас эхлээд энгийн иргэд хүртэл Турк руу шилжин ирж, Москватай хийсэн хоёр талын худалдаа өсөн нэмэгдэж байна. Украин, Оросын мөргөлдөөний хажуугаар Турк улсын бодлого зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр байгаа гэж эх сурвалжууд мэдэгдсэн хэдий ч Анкара Украины төлөө санаа зовниж буйгаа хүлээн зөвшөөрч буй.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу

Г.Мичидмаа