О.Сансархүү: Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж, 25 мянган төгрөгөөр худалдаална

О.Сансархүү: Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж, 25 мянган төгрөгөөр худалдаална

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх болсон талаар мэдээлэл хийлээ. 

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал О.Сансархүү "Оёдлын үйлдвэрүүд хүүхдийн биеийн тамирын хувцсыг монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, арьсанд элдэв харшил сөрөг нөлөө үзүүлэхгүй, материал үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг мэргэжлийн түвшинд үйлдвэрлэж байна. Чанартай түүхий эд, материал авъя гэхээр гадны томоохон үйлдвэрүүд хэмжээ заагаад өгчихдөг. 10 мянга, 50 мянган метрээс доош өгөхгүй гэнэ. Тэр их хэмжээний даавууг татан авахын тулд томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс түүхий эдээ бид татан авч, 146 мянган хүүхдийн хувцсыг хийж, Монголдоо чанартай хувцас хийх боломж бүрдэж байна.

Тэрээр цааш нь “Нийт 30 гаруй үйлдвэр хамтарч, найман үйлдвэр толгойлоод шорт футболкны үйлдвэрлэлээ Оёмол, нэхмэл бүтээгдэхүүний техникийн ерөнхий стандартын дагуу явуулж байна. Спорт хувцасны зарчим байдаг. Футболк нь тод байвал шорт нь бүдэг байх гэх мэт. Хувцас нь биеийн тамирын хичээлд зориулсан хэрэглэгдэхүүн. Сургалтын орчинд явагдах учраас хэт тод өнгийн байвал багшид анхаарлаа төвлөрүүлэх, харагдах орчинд нөлөөтэй учраас Монгол хүнд тохирох өнгө, холбогдох стандартыг бодож хийсэн” гэлээ. 

  • Футболкий Монголд үйлдвэрлэж буй 100 хувь хөвөн даавуун материалаар үйлдвэрлэсэн. Байгальд ээлтэй, зөөлөн, харшил үүсгэхгүй, үнэр бактерийн эсрэг хамгаалалттай, арчлахад хялбар, амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, суналт, агшилт сайн, монгол хүний царайны өнгөнд тохирсон номин цэнхэр өнгөтэй. Шошгыг гадна талд оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул багш, хүүхдүүдэд эвхэж хураахад хялбар байдлаар шийдсэн.
  • Шортыг дэлхийн спорт хувцасны брэндийн материалаар эх орондоо үйдвэрлэжээ. Биеийн тамирын хувцасны шорт бүдэг өнгөтэй байдаг. Учир нь футболкны өнгийг илүү тод харагдуулах, ялгаж өгөх, багшийн анхаарал төвлөрөлд эерэг ач холбогдолтой бөгөөд нүдэнд ачаалал бага өгнө.

Мөн даавуун тор үйлдвэрлэсэн бөгөөд асран хамгаалагчид биеийн тамирын хувцас хийх тор худалдан авах, оёдолчдоор оёулах ажилд цаг зарцуулахгүй гэв. Ингэснээр цаг хугацаагаа ч, санхүүгээ ч хэмнэнэ гэлээ. Дүүрэг, цэцэрлэгийн нэр, таних тэмдэг хэсгийг тэмдэглэж өгсөн байна.

Гурван багц бүтээгдэхүүнийг нийт 25 мянган төгрөгөөр худалдаалах аж.