Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газраас Геодези, зураг зүйн тухай хуулийг өргөн барих тухай, мөн шинээр баригдаж буй цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "БНХАУ-ын тусламжтайгаар хоногт 250 куб метр бохир ус хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж хийгдээд явж байгаа. Одоогоор ажил 47 хувьтай байна. Монголын 17 туслан гүйцэтгэгч компани хамтран ажиллаж байгаа.
-800 ГАРУЙ ЧИНГЭЛЭГ УР ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРЭХ АСУУДАЛ ХҮНД БАЙНА-
Цементийн хувьд удаан хугацааны гэрээтэй тул тасралтгүй ажил явж байгаа. Одоо бидэнд 800 гаруй чингэлэг ур хилээр оруулж ирэх шаардлагатай байна. Энэ асуудал хүнд байна. Холбогдох талтай уулзаж, зохицуулалт хийх асуудлыг Элчин сайдын яам, Эрээн дахь Консулын газраар дамжуулан санал тавьсан. Мөн чингэлэгт багтахгүй том тоног төхөөрөмж оруулж ирэх асуудлыг ярилцаж байна.
Цэвэрлэх байгууламж төлөвлөсөн хугацаанаас 10 хувиар хоцорч байгаа. Ямарч байсан энэ байгууламжийг 2024 онд хүлээлгэж өгөх ёстой.
Цаг хугацааг шахаж байна. 2023 оны төсөвт суулгах шаардлагатай гол асуудал бол 25 Мвт хүчин чадалтай цахилгаан станцийг 40 Мвт болгох асуудал байна. Үүнд 29 тэрбум төгрөг суулгах санал өгсөн.
Мөн саарал ус цэвэрлэх байгууламж барих ТЭЦ3, ТЭЦ4 хөргөлтөд ашиглаж байгаа усыг саарал усаар орлуулах ажил ирэх жилээс эхэлнэ. Ингэхээр дахиад л цахилгааны асуудал яригдах учраас ирэх жилийн төсөвт хөрөнгө оруулалт суулгах шаардлагатай болж байна.
-ПОЛЬШ УЛСЫН ТУСЛАМЖААР ТАВАН АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛААД ХОЁР ЖИЛИЙН ДАРАА АШИГЛАЛТАД ОРУУЛНА-
Орон нутгийн хувьд 1960-1970 онд аймгийн төвүүдэд барьсан цэвэрлэх байгууламжийг зээл тусламжаар бариад 16 аймагийнх ашиглалтад орсон. Польш улсын тусламжаар үлдсэн таван аймгийн цэвэрлэх байгууламжийг сайжруулаад хоёр жилийн дараа ашиглалтад орно" гэлээ.