НӨАТ-ын буцаан олголтыг шатласан хэлбэрээр буюу 10, 5, 2 хувь болгохоор 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ

НӨАТ-ын буцаан олголтыг шатласан хэлбэрээр буюу 10, 5, 2 хувь болгохоор 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ

Өнөөдөр /2025.09.01/ Засгийн газраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д өргөн барьсан.

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд "Иргэдийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийг шаталсан хэлбэрээр үе шаттай нэмэгдүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулж, орлогыг хамгаалж дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр иргэд худалдан авалтын хэмжээнээс хамаарч 10%, 5%, 2%-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын шаталсан хөнгөлөлтийг эдлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд нийт цахим төлбөрийн баримтын 75 хүртэлх хувь 5 ба түүнээс дээш хувийн НӨАТ-ын хөнгөлөлт эдлэх шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ" гэж тусгажээ. 

Мөн "Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах босго, шатлалыг нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хялбаршуулсан бага татвар бүхий горимд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. Бүх нийтээрээ татварыг шударгаар төлдөг, үйлдвэрлэгчдэд дарамт учруулдаг олон төрлийн чөлөөлөлт, хязгаарлалтуудын өөрчлөн оновчтой болгон хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулах зорилгоор татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийн түвшинд үндэслэн түүний дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, уян хатан төлөх боломжийг олгож дэмжлэг үзүүлнэ.  Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж хийж, татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж туслах, зөрчил гарсны дараа бус урьдчилан анхааруулж өөрөө сайн дураар засах боломжоор хангана.  Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг үнэлж, хариуцлагатай татвар төлөгчдийн татвар төлөх хугацааг сунгаж уян хатан төлөх боломж олгох, дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэн бизнесээ хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэсэн байна.