Өнгөрсөн долоо хоногт Крымын эрэг дахь Хар тэнгисийн баазад хэд хэдэн дэлбэрэлт болж Оросын байлдааны онгоцуудыг устгасан. Гэсэн хэдий ч Украин энэ халдлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгвэл Крым дахь Оросын цэргийн баазуудад Украины тал цохилт өгөөд байж болзошгүй байгаа аж.
Учир нь өчигдөр /2022.08.16/ Жанкой хэмээн нэрлэдэг өөр нэг цэргийн объектод дэлбэрэлт болсон байна. Энэ үеэр цахилгаан станцад гал гарч, төмөр зам эвдэрсэн гэж Оросын албаныхан мэдэгдээд “энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа" хэмээн буруутгажээ.
Харин Украины Агаарын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Ю.Игнат "Оросын тал галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс болж дэлбэрэлт болсон" гэж хариу мэдэгджээ. Мөн тэрээр "Дэлбэрэлт болсон Жанкойд дайсны нисдэг тэрэг болон бусад техник хэрэгслээ хадгалдаг газруудын нэг байсан тул бид мэдээж үүнд сэтгэл хангалуун байна" гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC