Засгийн газрын сайд болох гэсэн УИХ-ын зарим гишүүдийн хүсэл, нам доторх “дотоод улс төрөө намжаах” гэсэн эрх баригчдын зорилгыг гүйцэлдүүлж “Монгол Улсын Үндсэн Хууль” /ҮХ/-д Үндсэн хуулийн цэц уржигдар /2022.08.14/ гар хүрч, "Давхар дээлийг хязгаарласан" чухал заалтыг нь хүчингүй болголоо.
-ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ САЙДЫГ УИХ-ЫН ГИШҮҮН ХАВСРАН ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗААЛТЫГ ЦЭЦ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ-
Тодруулбал, Үндсэн хуулийн 39.1-д “ … Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байгаа тул дээрх заалтыг Цэц “хүчингүй” болгож шийдвэрлэсэн юм. Ингэснээр Засгийн газрын бүх сайдын албан тушаалыг УИХ-ын гишүүн хавсран хийж болох нөхцөл бүрдлээ.
Улмаар МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн Засгийн газрын сайд болох гэсэн уралдаан, уулзалт ч эхлээд байна. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Товчхондоо, Үндсэн хуулийн 39.1 дахь заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон нь сайд болох гэсэн УИХ-ын гишүүдийн хүслийг хангаж, МАН-ын дотоод улс төрийн тохируулгыг хийж өгсөн гэдгийг давтан хэлье. Тэгвэл эрх баригчдын ашиг сонирхолд нийцүүлж Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгоод байгаа Үндсэн хуулийн цэц иргэдийн хүлээлтэд нийцдэггүй Үндсэн хуулийн зарим заалтыг ч хүчингүй болгож, огт хэрэгжихгүй байгаа гэж хэлж болох Үндсэн хуулийн зарим заалтад хяналт тавьж “манаач”-ын үүргээ гүйцэтгэх хэрэгтэй гэж хэлэх байна.
-МАН-ЫН ХҮСЭЛД НИЙЦҮҮЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЧАДАЖ БАЙГАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ 6 ЖИЛЭЭР СОНГОДОГ ЗААЛТЫГ Ч ХҮЧИНГҮЙ БОЛГОЧИХ ХЭРЭГТЭЙ-
Тодруулбал, 2019 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн 30.2-д заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгочих хэрэгтэй. Учир нь үүнийг зарим иргэд эсэргүүцэж байгаа.
Мөн Үндсэн хуулийн 4.3-д заасан “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалт хэрэгжихгүй байгаа талаар зарим иргэд шүүмжлэх болсон. Учир нь Орос, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед ОХУ-ын цэрэг, техник хээрийн сургуулилт нэрээр манай суурин газраар явсан тохиолдол гарсан тул иргэд Үндсэн хуулийн 4.3 дахь заалт хэрэгжихгүй байна гэж шүүмжилж буй. Энэ нь Үндсэн хуулийн цэц манаачийн ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг илрэл.
Иймд Үндсэн Хуулийн Цэц эрх баригчдад таалагдахгүй байгаа Үндсэн хуулийн заалтыг эрх зүйт нийгмийн хэм хэмжээг зөрчин байж хүчингүй болгож чадаж байгаа юм чинь, иргэдийн шүүмжилдэг Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгодог болсон заалтыг ч хүчингүй болгож, хэрэгжихгүй байгаа заалтанд ч хяналт тавих хэрэгтэй.
-ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧ, УДШ САНАЛ БОЛГОЖ ТОМИЛЖЭЭ-
Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг манах үүрэгтэй болохоос улс төрийн захилга гүйцэтгэдэг байгууллага биш. Гэтэл энэхүү логик алдагдаад байна. Учир нь Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог. Тухайлбал, Цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго нарыг УИХ-ын санал болгож Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгосон байна. Харин Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулай хүү нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал болгож цэцийн гишүүн болгосон бол, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарыг Улсын дээд шүүх санал болгож цэцийн гишүүн болгосон байна.
“Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран хийж болохгүй Үндсэн хуулийн заалтыг ЦЭЦ хүчингүй болгосон нь зөв үү
Нийт: 15 саналтай