Словенийн гүйлтийн цанын тамирчин Хана Мази Жамник бэлтгэлийн үеэр Норвегид ачааны машинд дайруулж нас баржээ.
19 настай тамирчин охин пүрэв гариг/2022.08.11/-т дугуйт цана дээр бэлтгэл хийж байгаад тойрч гарах ачааны машинд мөргүүлсэн байна. Ханаг эмнэлэгт хүргэсэн ч хэдийнээ нас барсан байжээ. Уг хэрэгт мөрдлөгийн ажил эхэлсэн бөгөөд талийгаачтай хамт бэлтгэл хийж байсан тамирчид ослын талаар юу ч мэдэхгүй гэжээ.
Словенийн цанын холбооны мэдэгдэлд “Хана биднийг орхин одлоо. Норвеги дэх бэлтгэлийн үеэр манай залуу тамирчин Хана Мази Жамник осолд оржээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт “Blink” фестивальд гайхалтай үзүүлбэр үзүүлсэн. 2023 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнд тэр багтаад байсан юм. Өнгөрсөн жил тэр 19 насандаа залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн билээ. Чи бидний сэтгэл зүрхэнд үүрд оршино. Бид чамайг үгүйлэх болно” гэжээ.
Харин олон улсын цанын холбооны мэдэгдэлд “Бид бүхний зүгээс Ханагийн гэр бүл болон түүнд хайртай байсан хүн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Словенийн шигшээ багийн хамт олон, арын албаныханд нь эмгэнэл илэрхийлье. Түүний таалал төгссөн талаарх мэдээг сонсоод хүн бүр гашуудлаа” хэмээжээ.
Эх сурвалж: insidethegames