С.Эрдэнэ: Угаарын хийд хордсон иргэдэд НӨХӨН ОЛГОВОР өгөх ёстой

С.Эрдэнэ: Угаарын хийд хордсон иргэдэд НӨХӨН ОЛГОВОР өгөх ёстой

УИХ дахь АН-ын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж  шахмал түлшний асуудлаар сонсгол зохион байгууллаа. 

Сонсголд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан оролцож мэдээлэл өгөв.

Тэрбээр "2019 оны аравдугаар сарын 04-ны өдрөөс хойш шахмал түлшинд хордсон асуудлаар нийт 206 дуудлага ирж 549 хүн угаарын хийд хордож тэдгээрээс найман иргэн амиа алдсан. 199 тохиолдолд хэрэг бүртгэл нээн явуулж байна" гэсэн юм. 

Сонсголоор хэлэлцсэн асуудлаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зуух ашиглаж болно гэсэн байгаа. Иргэдэд буруу мэдээлэл өгч болохгүй. Нөхөн олговорыг яаралтай шийд. Угаарт хордсон иргэдийн эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт гараагүй гэдэгт би итгэхгүй. Дотор эрхтэнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйгаач” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Шахмал түлшинд маш их мөнгө хуваарилагдсан. Тэр мөнгийг хулгайлсан хүмүүсийн балгаар хүний амь эрсдэж байна. Хөрөнгө зарцуулалттай холбоотой албан тушаалтнууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Албан тушаалтнуудыг хүн амины хэрэг хийсэн гэдгээр нь жилийн дараа шоронд явуулна. Хариуцлагаас мултарна гэж байхгүй. Өнөөдөр долоон хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст жилийн дараа хариуцлага тооцно” гэлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг бид нэгдэж ярих ёстой. Өглөө болгон иргэддээ мэдээлэл өгмөөр байна” гэв.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө