Засгийн газрын зарим сайд нарыг есдүгээр сард огцруулж, шинээр томилох асуудал яригдаж байна

Засгийн газрын зарим сайд нарыг есдүгээр сард огцруулж, шинээр томилох асуудал яригдаж байна

2019 онд соёрхон баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ёсоор Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд өөрөө мэддэг болсон. Харин Засгийн газрын сайд нар УИХ-д тангараг өргөдөг болж өөрчлөгдсөн.

Тодруулбал, Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ.

Тэгвэл ирэх есдүгээр сар /2022.09/-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим сайд нараа үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засгийн газрын зарим гишүүдээ шинээр томилох гэж байгаа аж. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан зэрэг үйл ажиллагаа нь сул байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөлж магадгүй байна. 

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн сайдад зүтгэж байгаа бол, Цахим хөгжил харилцаа холбооны сайдад Н.Учрал, өөр нэг яамны сайдаар Д.Сарангэрэл томилогдоно гэдгээ илэрхийлээд байгаа аж.

Харин Засгийн газрын гишүүдэд өөрчлөлт оруулж байгаа шалтгаанаа, “Япон зэрэг орнууд сайд нараа сэлгэн томилох болсон жишгийг дагаж байна” хэмээн тайлбарлаж магадгүй юм. Тодруулбал, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио саяхан өмнөх Засгийн газрын сайд нараа огцруулж, танхимын шинэ гишүүдээ бүрдүүлээд байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан тул энэ хууль ёсоор Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Учрал, Б.Сарангэрэл нарын парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдоход хуулийн хувьд боломжгүй нөхцөлд байгаа юм.

Тэгвэл энэ сарын сүүлээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж, дээрх заалт өөрчлөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг парламентаар хэлэлцэж магадгүй байна. Учир нь энэ сарын 15 /2022.08.15/-ны өдөр ээлжит бус чуулганыг зарлах гэсэн ч УИХ-ын гишүүдийн ихэнх нь гадаадад томилолттой байгаа тул ирц бүрдэхгүй байгаа гэх мэдээлэл байна.




Өнөөдөр могой өдөр

28 минутын өмнө