БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 8-р сарын 2-нд Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хатуу байр суурийг үл тоомсорлож, Хятадын Тайвань бүсэд айлчилж, “Нэг Хятад” зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг ноцтой зөрчин Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндсэн сууринд ноцтой нөлөө учруулж, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдаж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчнийхэнд ноцтой буруу дохио өгч байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна.
Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байдаг. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд БНХАУ-ын Засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1971 оны 2758-р тоот тогтоолд энэ тухай тодорхой заасан байдаг. “Нэг Хятад" зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Өдгөө дэлхийн 181 улс орон “Нэг Хятад” зарчмын үндсэн дээр БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байдаг.
1979 онд Америкийн тал Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоох тухай мэдэгдэлд: "БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч байна. Энэ хүрээнд Америкийн ард түмэн Тайванийн ард түмэнтэй соёл, худалдаа болон бусад албан бус харилцаатай байх болно" хэмээн амлаж байсан юм. АНУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд АНУ-ын Конгресс Америкийн Засгийн газрын “Нэг Хятад” бодлогыг хатуу баримталж, Хятадын Тайванийн бүс нутагтай ямар нэгэн албан ёсны харилцаагүй байх ёстой. Пелоси бол АНУ-ын Конгрессын удирдагч учраас түүний ямар ч хэлбэрээр, шалтгаанаар Тайваньд айлчлах нь АНУ, Тайванийн албаны хэлхээ холбоог шат ахиулах улс төрийн өдөөн хатгалга болох юм. Хятад улс үүнийг хэзээд хүлээн зөвшөөрөхгүй, Хятадын ард түмэн ч хүлээн зөвшөөрөхгүй.
Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, үндсэн мөн хамгийн эмзэг асуудал юм. Одоогийн байдлаар Тайванийн хоолойд нөхцөл байдал хурцдаж, хүнд сорилтууд тулгарч байгаа үндсэн шалтгаан бол Тайванийн эрх баригчид болон АНУ өнөөгийн байдлыг өөрчлөхөөр байнга оролдож байгаа хэрэг юм. Тайванийн эрх баригчид "АНУ-д найдаж, Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг олонтаа зэхэж, "1992 оны нийтлэг ойлголт"-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, "Хятаджихаас салах" зэрэг арга хэмжээ авч, "Тайванийг аажмаар тусгаар тогтнуулах"-ыг зорьсоор ирсэн. Америкийн тал "Тайваниар дамжуулж Хятадыг хазаарлах" оролдлого хийж, “Нэг Хятад” зарчмыг байнга гуйвуулж, Америк болон Тайванийн албаны харилцааг эрчимжүүлж, "Тайванийг тусгаар тогтнуулах" салан тусгаарлах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ бол галаар тоглож буй маш аюултай үйлдэл бөгөөд эцэстээ өөрийгөө л хохироох алхам юм.
Тайванийн асуудлаарх Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний байр суурь ямагт тууштай байсаар ирсэн. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах нь Хятадын 1.4 тэрбум гаруй ард түмний няцашгүй хүсэл бөгөөд эх орноо бүрэн нэгтгэх хүслийн биелүүлэх нь Хятадын бүх ард түмний нийтлэг хүсэл бөгөөд ариун үүрэг юм. Ямар ч улс орон, ямар ч хүчин, хэн ч бай, Хятадын Засгийн газар, ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, улс орноо бүрэн нэгтгэх бат бөх шийдвэр, тууштай хүсэл эрмэлзэл, чадварыг буруугаар үнэлэх ёсгүй. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилж байгаатай холбогдуулан Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах бөгөөд үүнээс үүдэлтэй бүх үр дагаврыг Америкийн тал болон "Тайванийг тусгаар тогтнуулах" салан тусгаарлагч хүчин хариуцах болно.
Хятад, Америк нь хоёр том гүрний хувьд харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, сөргөлдөөнөөс зайлсхийж, хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулах нь харилцааны цорын ганц зөв зам. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд өөр аль ч улс орон Тайванийн асуудлаар шүүгч байх эрхгүй. "Тайваниар дамжуулж Хятадыг хазаарлах" гэсэн оролдлогоо зогсоож, Тайванийн хэрэгт, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн салан тусгаарлагчдыг янз бүрийн хэлбэрээр дэмжин, өөгшүүлэх болихыг Хятадын тал АНУ-ын талаас хатуу шаардаж байна.
Тайванийн асуудлаар үг, үйлдлээ нэгтгэн ижил байлгаж, “Нэг Хятад” зарчмыг мушгин гуйвуулахаа зогсоож, “Нэг Хятад” зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэлд заасан заалтуудыг бодит үйл ажиллагаагаар баримталж, АНУ-ын удирдагчдын өгсөн “Хүйтэн дайныг хүсэмжлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрэлхийлэхгүй, Хятадын эсрэг эвсэл бэхжүүлэхгүй, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг дэмжихгүй, Хятадтай зөрчилдөх бодолгүй байх” амлалтыг бодитоор биелүүлж, буруу бөгөөд эрсдэлтэй замаар улам хол явахгүй байхыг хатуу сануулж байна" гэжээ.
Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам