Хятад пуужингийн туршилт хийж эхэлсэн ба Н.Пелосигийн айлчлалын дараа Тайванийг тойрсон ус, агаарын зайд цэргийн сургуулилт хийнэ гэж зарлав

Хятад пуужингийн туршилт хийж эхэлсэн ба Н.Пелосигийн айлчлалын дараа Тайванийг тойрсон ус, агаарын зайд цэргийн сургуулилт хийнэ гэж зарлав

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн өчигдөр /2022.08.02/ орой орон нутгийн цагаар 22:44 цагт Тайваньд газардлаа. Түүний айлчлалыг эсэргүүцэж, БНХАУ-ын аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд халдлаа, үүний хариуцлагыг “АНУ үүрч, төлөөсийг нь төлөх болно” гэж мэдэгдэж байсан Хятад улсын зүгээс “сөнөөгч Су-35 тийрэлтэт онгоцуудыг Тайваний хоолойг гатлууллаа” гэж BBC агентлаг мэдээлсэн ч, асуудал намжсан.

-АЙЛЧЛАЛЫН ӨДРҮҮДЭД ТАЛУУДЫН АРМИ ШУУД ТУЛГАРАХААС ЗАЙЛС ХИЙХ БОЛОЛТОЙ-

Тэгвэл Хятад улс “цэргийн хариу арга хэмжээ авах”-аар төлөвлөж байгаа гэх бөгөөд өчигдөр /2022.08.02/ оройноос эхлэн Тайваний зүүн эргийн ойролцоо пуужингийн сургуулилт хийж эхлээд байгаа аж. Харин Нэнси Пелосигийн айлчлалын дараа буюу маргааш /2022.08.04/-аас эхлэн энэ сарын 07-ын өдрийн хооронд Хятадын арми Тайванийг тойрсон усан болон агаарын орон зайд цэргийн сургуулилт хийнэ гэдгээ зарласан байна. Ингээд Хятадын цэргийн сургуулилтын координатыг олон нийтэд зарлаж, "Аюулгүй байдлын үүднээс холбогдох усан онгоц, нисэх онгоцууд энэ хугацаанд далайн дээрх бүс нутаг, агаарын орон зайд нэвтрэх ёсгүй" гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ, “АНУ нь бүс нутагт "шинэ хурцадмал байдал, хүнд сорилтууд"-ын бий болголоо гэж дахин буруутгаад байгаа талаар bloomberg.com мэдээлжээ.

Товчхондоо, айлчлалын эдгээр өдрүүдэд талуудын арми шууд халдлага хийхгүй, тулгарахаас зайлсхийх бололтой.

Хятадын цэргийн сургуулилтын координат

-“ТАЙВАНИЙ СТАТУСЫГ ӨӨРЧЛӨХИЙН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА” ГЭЖ АНУ-ЫН ТАЛ МЭДЭГДЛЭЭ-

Харин төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн Тайваньд хийж буй айлчлалыг дэмжиж АНУ-ын Сенатын танхимийн, Бүгд Найрамдах Намын 25 гишүүн мэдэгдэл гаргажээ.  Тус мэдэгдэлд, "АНУ-ын Конгрессын гишүүдийн Тайваньд хийж буй энэ айлчлал нь АНУ-ын Конгрессоос 1979 онд батлан гаргасан Тайваньтай Харилцах харилцааны тухай хууль, АНУ болон БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл, АНУ-ын зүгээс Тайваний асуудлаар баримталж ирсэн бодлого, зарчимтай зөрчилдөөгүй. АНУ-ын зүгээс өнөөгийн тогтсон Тайваний статусийг өөрчлөхийн эсрэг байр суурьтай байна" гэжээ.

Учир нь АНУ-ын зүгээс БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмждэг бөгөөд “Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй” юм.

Сонирхуулахад, “Тайваний тусгаар тогтнолын асуудал”-д Монгол Улс ч АНУ-тай нэг байр суурьтай байдаг. Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Монгол улс "Нэг Хятад", "Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэсэн бодлогоо тууштай баримталсан нь дээр. Америк ч ийм байр суурьтай орон. Харин эрх чөлөө, ардчиллын төлөө бол дуу хоолойгоо өргөсөөр байх нь зөв” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.08.03/ болох Пелосигийн айлчлалын хуваарьт Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй орон нутгийн цагаар 10:30 цагт уулзах, удалгүй хэвлэлийнхэнд мэдээлэл хийх зэрэг багтжээ.

Бид үйл явдлыг үргэлжлүүлэн хүргэх болно …